Төрийн орон сууцны сарын төлбөр зорилтот бүлгийн иргэдийн орлогоос давжээ

Төрөөс иргэдээ орон сууцжуулах зорилгоор хэрэгжүүлж буй “Солонго-1, 2” төслийн гол асуудал нь байрны хүртээмжээс гадна үнэ, төлбөрийн нөхцөлд байна. Нисэх орчимд хувийн хэвшлийн шинэ орон сууцны нэг метр квадратын үнэ 3.5 сая төгрөг орчим байхад төрийн төслийн үнийг 3.9 сая төгрөгөөр тооцож, 45 м.кв байрны үнийг 175.5 сая төгрөгөөр тогтоожээ. Анх нэг м.кв-ыг 4.428 сая төгрөгөөр тооцож байснаа бууруулсан гэх тайлбар байгаа ч хөлс төлөөгүй газар дээр барьсан орон сууцны үнэ зах зээлийн зарим саналаас өндөр байгаа шалтгаан, өртгийн тооцоог ил тод болгох шаардлага байна.
Төслийн хүрээнд урьдчилгаагүй түрээслэх, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлөөр орон сууцтай болох хувилбар санал болгож байгаа ч урьдчилгаа төлбөргүй байх нь сарын төлбөр боломжийн гэсэн үг биш. Тухайлбал, 45 м.кв байрыг 20 жилийн хугацаатай түрээслээд өмчлөхөд сард 1.42 сая төгрөг төлөх бол хамтын өмчлөлийн хувилбарын сарын төлбөр 900.5 мянган төгрөгөөс эхэлнэ.
Гэтэл ахмад настны дундаж тэтгэвэр 792 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн халамжийн тэтгэвэр 478 мянган төгрөг байна. Халамжийн тэтгэврийг 600 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн ч сарын төлбөрийг дангаар нь даах боломжгүй. Өөрөөр хэлбэл, орон сууцны төлбөрт бүх тэтгэврээ зориулсан ч мөнгө нь хүрэлцэхгүй нөхцөл үүсэж байна.
Мэдээж хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүгд зөвхөн халамжаар амьдардаггүй, ахмад настнууд ч өрхийн бусад орлоготой байж болно. Гэвч эмчилгээ, асаргаа, өдөр тутмын хэрэглээгээ хэрхэн санхүүжүүлэхийг тооцолгүйгээр зөвхөн орон сууцны төлбөр төлөх боломж санал болгох нь зорилтот бүлгийн хэрэгцээг хангаж чадахгүй.
“Солонго-1, 2” төслийн хувьд байрны өртөг хэрхэн бүрдсэн, сарын төлбөрийг ямар үндэслэлээр тогтоосон, бага орлоготой иргэдэд ямар бодит дэмжлэг үзүүлэхийг дахин нягтлах шаардлагатай байна. Иргэдийнхээ худалдан авах чадварт нийцээгүй бол төрийн орон сууцны хөтөлбөр нэртэй ч бодит хүртээмж нь хязгаарлагдмал байсаар байна.
П.Самдан
www.BOLOD.mn
www.BOLOD.mn