Хүүхдүүдэд хортой хүнс өгсөн цэцэрлэгийн эрхлэгчид бүх насаар хорих ял оноов
Хятадын Ганьсу мужийн Тяньшүй хотод байрлах Хэши Пэйшин цэцэрлэгийн хүүхдүүдийн цуснаас хэвийнээс өндөр хэмжээтэй хар тугалга илэрсэн хэрэг 2025 оны долдугаар сард гарч байв. Тодруулбал, тус цэцэрлэгийн 200 гаруй хүүхэд, 20 гаруй ажилтны цусанд хар тугалгын хэмжээ хэвийн бус өндөр гарсан.
Тэгвэл энэ хэрэгтэй холбоотой шүүхийн шийдвэр гарч, цэцэрлэгийн эрхлэгч болон бусад ажилтанд ял оноолоо. Цэцэрлэгийн эрхлэгч Ли Хүйфанд бүх насаар хорих ял оноож, түүний хувийн хөрөнгөөс 500 мянган юанийг хурааж авахаар шийдвэрлэжээ. Мөн тус цэцэрлэгийн гүйцэтгэх захирал Жү Жинлиньд 15 жилийн хорих ял оноож, 300 мянган юанийн торгууль ногдуулав. Цэцэрлэгийн гал тогоонд ажиллаж байсан өөр дөрвөн ажилтанд 6-8 жилийн хугацаатай хорих ял оноосон байна.
Ли болон Жү нар нь хүүхдүүдийн хоолонд хортой, аюултай бодис нэмэх зааварчилгааг гал тогооны дөрвөн ажилтанд өгсөн болохыг шүүхээс тогтоожээ. Хоолыг илүү үзэмжтэй харагдуулахын тулд ажилтнууд удирдлагын заавраар идэж болохгүй, хар тугалга агуулсан будагч пигментийг хүүхдүүдийн хоолонд нэмсэн байна.
Хар тугалгад өндөр хэмжээгээр өртөх нь хүүхдийн тархи болон мэдрэлийн тогтолцоонд гэмтэл учруулах эрсдэлтэй байдаг.