Монголд ажиллаж буй гадаад ажилчдын 70 орчим хувийг хятадууд эзэлж байна

Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаадын иргэдийн тоо есдүгээр сарын байдлаар 36.1 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 51.5 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Нийт ажиллагсдын 70 орчим хувийг БНХАУ-ын иргэд, 10 гаруй хувийг БНЭУ-ын иргэд эзэлж байна.
Түүнчлэн Бангладешийн ажилчдын тоо жилийн дотор 8.1 дахин нэмэгдэж, 1,373-д хүрсэн бол Филиппин, Балбаас ирсэн ажилчдын тоо ч өсжээ. Гадаад ажиллагсдын 26 хувь нь барилга, 21 хувь нь уул уурхай, 17.4 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байна.
Гадаад ажиллах хүчний тоо ийнхүү огцом өсөж буй нь Монголын хөдөлмөрийн зах зээл, дотоодын ажиллах хүчний нөөцийн талаар анхаарах асуудал мөн. Ажил олгогчид яагаад гадаад ажилтан олноор авах шаардлагатай болж байгаа, монгол ажилчдыг бэлтгэх, ажлын байраар хангах бодлого хэр үр дүнтэй байгааг тодорхой болгох хэрэгтэй.
Нөгөө талд, Монголоос гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар 111 иргэн зуучлагджээ. Монголд гадаад ажиллах хүчний тоо нэмэгдэж, монголчууд өөрсдөө гадаадад ажиллахаар явж буй энэ нөхцөлд цалин хөлс, ажлын байрны нөхцөл, мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлогод бодит дүгнэлт хийх шаардлага тулгарч байна.
П.Самдан
www.BOLOD.mn