Зорчигчдоо олон цагаар хүлээлгэж, өөрсдөөр нь нэмэлт зардал гаргуулсан МИАТ-ын захирал Т.Тэлмэн хариуцлагаа хэзээ хүлээх вэ?

Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн 2025 оны арванхоёрдугаар сарын 5-нд томилогдсоноос хойш арван сар гаруй хугацаа өнгөрчээ. Гэвч компанийн үйлчилгээ, зорчигчдын гомдол шийдвэрлэх тогтолцоотой холбоотой асуудал анхаарал татсан хэвээр байна.
Тухайлбал, нэгэн зорчигч МИАТ-ын нислэг хоёр удаа хойшилж, тодорхой мэдээлэл авч чадаагүйн улмаас БНХАУ-д товлосон ажил хэргийн уулзалтуудаа алдах эрсдэлтэй тулгарсан тухайгаа мэдээлжээ. Зарим зорчигчийг онгоцонд суулгаж, бусдыг үлдээн ниссэн бөгөөд дараагийн нислэгийн талаар тодорхой хариулт өгөөгүй гэх байна. Эцэст нь тэрбээр өөрийн зардлаар Хөх хот руу нисэж, тэндээсээ таксигаар шөнөжин явж Бээжинд хүрч, өглөөний нислэгтээ амжжээ.
Зорчигчийн мэдээлснээр, МИАТ-аас өнөөдрийг хүртэл албан ёсны тайлбар, уучлал ирүүлээгүй бөгөөд ашиглаагүй тийзний төлбөр, нэмэлт зардлыг нөхөн төлүүлэх асуудал шийдэгдээгүй байгаа аж.
Нислэг цаг агаар, техникийн болон аюулгүй байдлын шалтгаанаар саатаж болох ч зорчигчдоо мэдээлэлгүй орхиж, асуудлаа өөрсдөө шийдэхэд хүргэх нь үйлчилгээний хариуцлагын асуудал юм. Төрийн өмчит компанийн удирдлагыг зөвхөн санхүүгийн үзүүлэлтээр бус, иргэдийн эрх ашгийг хэрхэн хамгаалж байгаагаар нь үнэлэх учиртай.
Иймд Т.Тэлмэнгийн удирдлага дээрх гомдолд албан ёсны тайлбар өгч, зорчигчийн хохирлыг хэрхэн шийдвэрлэхээ тодорхой мэдээлэх шаардлагатай байна. Үндэсний агаарын тээвэрлэгчийн нэр хүндийг албан тушаал бус, зорчигчдод үзүүлж буй үйлчилгээ, хариуцлага хамгаалах ёстой.
П.Самдан
www.BOLOD.mn