Ж.Чинбүрэн: Монголын сувилагчдын нийгэмлэгийн 30 жилийн ойн баярын мэнд хүргэе


Монголын Сувилагчдын Нийгэмлэг ийн түүхт 30 жилийн ой, VI чуулган, олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд оролцож, 21 аймаг, нийслэлийн мянга орчим сувилагч, мэргэжилтний төлөөлөлтэй уулзлаа. Монгол Улсын таван бүсийг хамарсан 9000 гаруй сувилагчийг эгнээндээ нэгтгэсэн нийгэмлэгийн үе үеийн удирдлага, гишүүд, нийт сувилагчдадаа ойн баярын мэнд хүргэе. Нийгэмлэгээ үүсгэн байгуулж, хөгжүүлсэн ахмад үеийнхэндээ онцгойлон хүндэтгэл илэрхийлье. Эрүүл мэндийн салбарын хүчирхэг тогтолцоо сувилагчдаас эхэлдэг. Өвчтөн бүрийн эдгэрэлтийн цаана сувилагчийн мэдлэг, ур чадвар, тэсвэр тэвчээр, хүнлэг сэтгэл байдаг. Тиймээс сувилагчдын мэргэжлийн хөгжил, ажиллах орчин, хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгааг сайжруулах нь салбарын бодлогын тэргүүлэх зорилтын нэг юм.
Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа яамны бүтцэд сувилахуйн асуудал хариуцсан хэлтэс байгуулж, сувилагчдын асуудлыг төрийн бодлого, шийдвэр гаргах түвшинд тогтмол авч үзэх үндсийг бүрдүүлсэн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сувилагчдын зөвлөгөөнийг ивээлдээ авч, уламжлал болгон зохион байгуулахыг дэмжин, Сувилагчдын хөгжлийн төв байгуулах санаачилгыг ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлье. Тун удахгүй ашиглалтад орох Сувилахуйн ордонд Монголын сувилагчдын нийгэмлэг үйл ажиллагаагаа явуулж, сувилагчид хамтдаа суралцан, туршлагаа солилцох боломжийг бүрдүүлэхээр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Боловсролын сайд Л.Энх-Амгалантай ярилцан тохиролцлоо. Энэ нь сувилагчдын хамтын хөгжил, залуу үеийн мэргэжлийн өсөлтийг дэмжих чухал алхам болно гэдэгт итгэлтэй байна. Цаашид сувилагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоог нэмэгдүүлэхийн төлөө ажилласаар байх болно.
Эрхэм сувилагчид, хүний амь нас, эрүүл мэндийн төлөө чин сэтгэл, мэдлэг чадвараа зориулж яваа та бүхнээрээ бахархаж байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, ажил үйлсийн арвин их амжилт хүсье. Монголын сувилагчдын нийгэмлэгийн ирэх он жилүүд хамтын амжилт, хөгжил дэвшлээр дүүрэн байх болтугай!
2026.10.20

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen