ББСБ-уудын зээлийн хүүг сарын 4.5 хувийн дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү, нэмэлт шимтгэл, хураамжид зохицуулалт хийх шийдвэр гаргалаа. Тодруулбал, 2026 оны аравдугаар сарын 21-нээс ББСБ-уудын сарын зээлийн хүүг тогтоосон дээд хэмжээ буюу 4.5 хувиас хэтрүүлэхгүй байхаар шийдвэрлэсэн байна. Хяналт шалгалтаар аппликейшнээр дамжуулан зээл олгодог зарим байгууллага уг хязгаараас давсан хүүтэй зээл олгож байсан нь илэрчээ. Мөн зээлийн давхардал, өрийн дарамтыг бууруулах зорилгоор ББСБ-ууд зээл олгох болон зээлийн мэдээлэлд өөрчлөлт оруулах бүрдээ мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд бодит цагийн горимоор шуурхай нийлүүлэхээр болжээ. Зээлийн хүүгийн дээд хэмжээг зөрчсөн байгууллагад хуульд заасны дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авах юм. Түүнчлэн зээлийн үндсэн төлбөр, хүүгээс гадна иргэдэд санхүүгийн дарамт үүсгэж буй үйлчилгээний шимтгэл, хураамжийг зохицуулах чиглэлээр хууль тогтоомж, журамд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна.