Маргааш орон даяар нэгэн зэрэг Төрийн дууллаа эгшиглүүлнэ
Монгол Улсын тусгаар тогтнол, эх орон, үндэсний бахархлаа бэлгэдэн, Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүлэх үйл ажиллагааг маргааш зохион байгуулна.
Энэ өдөр Улаанбаатар хотын Д.Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд иргэд цуглаж, 11:40 цагт Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэх юм. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийнхаа орчинд нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлэхээр төлөвлөжээ. Энэхүү үйл ажиллагаа нь монголчуудын эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархлыг илэрхийлэх зорилготой юм байна.
Уг үйл явдлыг нийслэл болон аймаг, орон нутгаас хэвлэл мэдээллийн байгууллагууд шууд дамжуулан олон нийтэд хүргэхээр төлөвлөсөн байна. Зохион байгуулагчдаас оюутан залуус, эцэг эхчүүд, ахмад буурлууд болон нийт иргэдийг үндэсний дээл хувцсаараа гоён, төв талбайдаа хүрэлцэн ирж, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэхийг уриаллаа.