Франц: Жагсаалаас болж 1500 гаруй дэлгүүр эвдэрч сүйджээ
Франц даяар ахлах сургуулийн сурагчдын эхлүүлсэн жагсаал эмх замбараагаа алдаж, үймээн самууны хэмжээнд хүрээд байна. Өнгөрсөн амралтын өдрүүдээр л гэхэд өргөн цар хүрээтэй жагсаалыг дагалдаад улс даяар 1500 гаруй дэлгүүр эвдэрч сүйдсэн, дээрэмдүүлсэн гэдгийг жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо мэдэгдлээ. Үймээн дэгдээгчид үнийн өсөлт болон боловсролын орчныг сайжруулахыг шаардсан жагсаалыг далимдуулан төрийн өмчийн байгууламжуудад гал тавьж, дэлгүүрүүдийг дээрэмджээ. Мөн гар утасны дэлгүүрийг дээрэмдэж, ойролцоогоор 70 мянган еврогийн үнэ бүхий бараа хулгайлсан байна.
Францын Дотоод хэргийн яамны мэдээлснээр үймээн самуунтай холбоотойгоор 2300 гаруй хүнийг баривчилжээ.
Парисын оршин суугч иргэн ярилцлага өгөхдөө дэлгүүрүүдийг сүйтгэж байгаад маш их бухимдаж буйгаа илэрхийлээд, "Энэ мэт үйлдэл нь тайван жагсаал биш, харин хүчирхийлэл" гэжээ. Түүнчлэн 18 настай нэгэн оюутан "Сүйтгэх ажиллагааг оюутнууд бус, зөвхөн өмч хөрөнгө сүйтгэх зорилготой хүмүүс үйлдсэн. Ийм үйлдэл нь оюутнуудын тавьж буй шаардлагын утгыг алдагдуулж байна" гэжээ.
Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон мэдэгдэл хийхдээ орон даяар болж буй үймээн самууныг буруушаасан бөгөөд ийм үйлдлийг зөвтгөх ч, тайлбарлах ч ямар ч үндэслэл байхгүй гэв. Мөн тэрбээр хууль ёсны шаардлагаа илэрхийлэхээр гудамжинд гарсан иргэдийг эд хөрөнгө сүйтгэж, дээрэм тонуул үйлдсэн хүмүүстэй андуурч болохгүй гэж уриалж байна.
ЭХ СУРВАЛЖ: NHK