Зеленский: Дайны үед сонгууль явуулбал дахин нэр дэвшинэ


Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский аравдугаар сарын 18-нд АНУ-ын “Эй-Би-Си” телевизэд өгсөн ярилцлагадаа, хэрэв АНУ болон ОХУ дайны үед Украинд ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг шаардсаар байвал дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгджээ.

Тэрбээр сонгууль явуулах эсэхийг шийдэхдээ юуны өмнө Украины ард түмний хүсэл зоригийг хүндэтгэх ёстойг онцолсон байна. Дайны үед сонгууль зохион байгуулахын тулд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулж, аюулгүй байдлын баталгааг хангах шаардлагатай гэжээ.

Түүнчлэн цэргийн алба хаагчдыг санал хураалтад оролцуулах нөхцөл бүрдүүлэхийн тулд дор хаяж 60 хоног гал зогсоох хэрэгтэйг дурдсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Украинд аль болох хурдан гал зогсоож, ерөнхийлөгчийн сонгууль явуулахыг удаа дараа уриалсан бөгөөд энэ сарын 10-нд Украин ерөнхийлөгчөө солих хэрэгтэй гэж мэдэгджээ.

Зеленский 2019 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн албан тушаалд орсон бөгөөд түүний таван жилийн бүрэн эрхийн хугацаа 2024 оны тавдугаар сард дууссан.

Гэвч Оросын довтолгооны улмаас Украинд дайны байдал тогтоож, энэ хугацаанд сонгууль явуулахыг хуулиар хориглосон тул 2024 онд товлогдох ёстой байсан ерөнхийлөгчийн сонгууль болоогүй юм. Украины парламент бүрэн, шударга, тогтвортой энх тайван тогтсоны дараа сонгууль явуулах байр сууриа өмнө нь илэрхийлсэн. Харин шинээр сонгогдсон ерөнхийлөгч албан тушаалдаа орох хүртэл Зеленский хуулийн дагуу үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.



Г.Бямба
https://sonin.mn/newsDetail/19518
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen