Бензинд оочерлох иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрчээ

Шатахууны нийлүүлэлтийн доголдол, шатахуун түгээх станцуудын урт дараалал иргэдийн өдөр тутмын амьдралд хүчтэй дарамт болж, бухимдал улам нэмэгдэж байна. Албаныхны мэдээллээр есдүгээр сарын 30-ны байдлаар Монгол Улс АИ-92 автобензиний 5–6 хоногийн нөөцтэй байгаа бөгөөд импорт, түгээлтийн хурдны зөрүүгээс нийлүүлэлтийн дарамт үүссэн байна.
Харин иргэдийн хувьд энэ нь зүгээр нэг шатахууны асуудал биш болжээ. Ажил, сургууль, гэр бүл, орлогоосоо цаг заваа хасаж, хэдэн цагаар, бүр хонож дугаарлах нөхцөл үүссэн талаар иргэд ярьж байна.
“Би бол үнэндээ энэ Монголд нээрээ гутарч байна. Бод л доо өдөржингөө ажлаад, орой 5 цаг бензинд оочерлоод байхаар хэцүү байна. Өглөө хүүхэд зөөнө, ажилдаа явна, нил түгжрэл ядаж байхад. Тэгээд 2, 3 хоноод л бензинд оочерлоно. Гудамжаар явж байгаа хүмүүс бүгд бухимдалтай болчихсон. Хэзээ ийм байлаа даа. Хамгийн тайван улс гэж дэлхий даяар л алдартай байсан. Одоо бол бүх хараалаа уншсан тийм л улсууд байна шдээ.”
Өөр нэг иргэн:
“Бензений хомсдол амьдралд аймар нөлөөлж байна. Өдөржингөө ажиллаад орой нь нойроо хасаад 2, 3 цаг бензинд оочерлоод бензинээ авч чадахгүй урдуураа таслуулах үе ч зөндөө тохиолдож байна.”
Мөн:
“Орой ажил тараад ирэхээр бензин өгөхгүй лимит нь дуусчихсан гээд хаачихаад байна. Ажлаа таслан байж бензинд оочерлож байна.”
Зарим иргэд өглөө эртлэн гарсан ч шатахуун авч чадалгүй олон цагийг зарцуулж байгаагаа хэлжээ.
“Үүрийн 4 цагаас эхлээд оочерлож байна. 5,6 цаг оочерлолоо. Тэгээд ч хүрэхгүй урдууд оочер таслуулчихлаа. Одоо бол олдож л байвал үнэ нь яахав болчихлоо.”
Шатахуун түгээх станцын үйлчилгээнд ч иргэд гомдолтой байна.
“Өглөө 9 өнгөрөөж оочерлоод одоо 1 өнгөрч байхад дөнгөж колонкдоо орж ирж байна. Дээрээс нь энэ бензин колонкийн ажилчид таньдаг хүндээ өгч байна. Таньдаг хүнээ дуудаад л оруулаад өгөөд байна.”
Харин нэгэн өрх толгойлсон ээжийн хэлсэн үг энэ асуудал иргэдийн амьдралд ямар хэмжээнд хүрснийг илүү тод харуулна.
“50.000 төгрөгт бензин авах гэж хонож байгаадаа гомдож байна, үнэхээр уйлмаар байна. Өрх толгойлсон ээж ч гэлээ гурван хүүхдээ орхиод таксинд явж зээлээ төлөхийн тулд бензин дээр оочирлохоос өөр арга алга. Одоо нээрээ жагсвал ёстой жагсмаар байнаа. Би бол шууд очно.”
Өөр нэг иргэн:
“Өчигдөр орой 10 цагт ажлаасаа буугаад бензинд оочерлож хоносон. Өглөө ажлаасаа чөлөө аваад оочерлож байна. Шагийн бензин 10 мянга гэнэ. Тийм юм бараг л авъя даа гэсэн бодол төрж байна. Үнэхээр цаг нараараа хохирч байна.”
Ийнхүү хэдэн литр шатахуун авахын тулд иргэд ажлын цагаа алдаж, нойргүй хонож, хүүхэд гэр бүлээсээ цаг заваа хасаж, зарим нь өндөр үнээр шатахуун авахад хүртэл бэлэн болсон тухайгаа ярьж байна.
Үүнтэй зэрэгцэн 2026 оны 10-р сарын 1-ний 10:00 цагт иргэд автомашинтайгаа төв замд гарч, зам хаан эсэргүүцлээ илэрхийлэхийг уриалсан мэдээлэл цахим орчинд тархаж байна. Уг уриалгын зохион байгуулагч, оролцогчдын бодит цар хүрээ одоогоор тодорхойгүй байгаа юм.
Б.Зул
www.BOLOD.mn