О.Цогтгэрэлтэй холбоотой тендерүүд анхаарал татаж байна

АН-ын дарга О.Цогтгэрэлийн улс төрийн карьер богино хугацаанд эрчимтэй өссөнтэй зэрэгцэн түүний болон хамаарал бүхий этгээдүүдийн бизнесийн үйл ажиллагаа, төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой мэдээлэл анхаарал татаж байна.
Нээлттэй мэдээлэлд үндэслэсэн гэх нийтлэлд О.Цогтгэрэлийн хамаарал бүхий 12 компанид 2022-2026 оны хооронд төрийн 47 байгууллагаас 219 удаагийн гүйлгээ хийгдсэн гэх мэдээллийг дурджээ. Мөн “Грийн импекс”, “Грийн дистрибьюшн”, “Грийн индастри” зэрэг компаниудын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлд түүний төрсөн ах, дүүсийн нэрс гарч байгаа талаар бичсэн байна.
Түүнчлэн ТЕГ-ын дарга асан Б.Хурц О.Цогтгэрэлийг 2018 оноос хойш 50 гаруй тендер авсан гэж мэдэгдэн, түүний бизнесийн хүрээлэл АН-ын дотоод бүтэцтэй хэт ойртсон гэх шүүмжлэл гаргасан.
Энд хэн хэдэн тендер авсан гэх тооноос илүү төрийн тендерт оролцож буй бизнесийн ашиг сонирхол, улс төрийн албан тушаалын нөлөөлөл хоорондоо огтлолцож байгаа эсэх нь хамгийн гол асуудал юм.
Өөрийгөө бизнес эрхлэгчээс улс төрийн лидер хүртэл богино хугацаанд өссөн гэж харуулдаг хүн төрийн худалдан авах ажиллагаатай холбоотой ийм олон асуултад баримттай, нээлттэй хариу өгөх шаардлагатай. Учир нь улс төрд орсон бизнесмэний хувьд ашиг сонирхлын зөрчил байсан уу, үгүй юу гэдэг нь зөвхөн өөрийнх нь нэр хүндийн асуудал биш, олон нийтийн итгэлийн асуудал юм.
Тиймээс дээрх мэдээллийг улс төрийн хар пиар гэж үгүйсгэхээсээ өмнө тендер бүрийн эзэн, гэрээний дүн, шалгарсан үндэслэл, компаниудын эцсийн өмчлөгч, төрийн байгууллагатай хийсэн гүйлгээг ил тод болгох нь илүү шударга хариулт болно.
Б.Зулwww.BOLOD.mn