ХЗДХЯ дарга нартаа “буцалтгүй тусламж” нэрээр 2 тэрбум төгрөг тараасан уу?

“Нэг удаагийн буцалтгүй тусламж” нэртэйгээр 15-30 сая төгрөг тараасан, хэдэн тэрбумын зарцуулалтаа Шилэн данснаас нуусан байж болзошгүй асуудлыг иргэн Б.Цогтгэрэл олон нийтэд дэлгэлээ.
Хан-Уул дүүргийн 11-р хорооны иргэн Б.Цогтгэрэл Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханд хандан мэдээлэл хүсэх бичиг хүргүүлж, тус яам болон харьяа агентлагуудын шилэн дансны хөтлөлт ноцтой зөрчилтэй байгааг онцлов.
Түүний мэдээлснээр, 2023 оноос хойшхи 5 сая төгрөгөөс дээш дүнтэй олон гүйлгээ Шилэн дансанд огт байршуулагдаагүй, зарим мэдээллийг устгасан байж болзошгүй нөхцөл байдал ажиглагдсан байна. Тэрбээр энэ нь зөвхөн санхүүгийн сахилга бат алдагдсан асуудал биш, төрийн мөнгийг дотоодын хүрээлэлдээ хувааж иддэг тогтолцоо байж болзошгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.

Хамгийн анхаарал татаж буй нь “Нэг удаагийн буцалтгүй тусламж” нэрээр 15-30 сая төгрөгийн дэмжлэгүүдийг олгосон асуудал. Иргэн Б.Цогтгэрэлийн хэлснээр, зөвхөн 2023, 2024 оны арванхоёрдугаар саруудад л гэхэд нийтдээ хоёр тэрбум орчим төгрөгийн зарцуулалт хийгдсэн байж болзошгүй бөгөөд эдгээр мөнгө УИХ-аар баталсан төсөвт тусгагдаагүй байж болзошгүй байна.
Өөрөөр хэлбэл, жирийн төрийн албан хаагчид цалин, урамшууллаа хүлээсээр байхад эрх мэдэлтэй хэсэг нь “сайдын тушаал”, “төрийн нарийн бичгийн даргын шийдвэр” гэх халхавчаар олон арван сая төгрөг өөрсдөдөө хуваарилсан уу гэх хардлага улам хүчтэй нэмэгдэв.
Түүнчлэн зарим удирдах албан тушаалтнууд давхар цалин авдаг, тусгай цол, хангамжтай холбоотой ноцтой асуудлууд ч байж болзошгүй талаар баримт хавсаргасан гэдгээ дурджээ. Мөн тухайн үеийн санхүү, хөрөнгө оруулалт, дотоод хяналтын албан тушаалтнуудаар өөрсдийнх нь асуудлыг шалгуулах нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэн, хараат бус шалгалт явуулах шаардлага тавьсан байна.

Иргэн Б.Цогтгэрэл “Шилэн данс” гэх нэртэй ч бодит байдал дээрээ олон мэдээлэл нь харанхуй, хаалттай, устсан байдаг тогтолцоо бий болсныг шүүмжилж, хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцохыг шаарджээ.
Төрийн мөнгө хэдхэн даргын нууц бонус хэлбэртэй болж хувирсан уу, эсвэл үнэхээр хууль ёсны зарцуулалт байсан уу гэдэг асуултад одоо Хууль зүй, дотоод хэргийн яам хариу өгөх ёстой болж байна.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn