COP17: Дэлхийн хэмжээнд 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт авч, Монгол Улсад 1.48 тэрбум ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж, 12 өдрийн хэлэлцүүлгийн үр дүнг наймдугаар сарын 28-нд хаалтын хэвлэлийн бага хурлаар танилцууллаа.
Хаалтын хэвлэлийн бага хуралд COP17-ын дарга, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир нар оролцож, хурлын шийдвэр, санхүүжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар мэдээлэв.
Энэ удаагийн хурлаар дэлхийн хэмжээнд газрын доройтол, цөлжилттэй тэмцэх чиглэлээр нийт 18 тэрбум ам.долларын санхүүжилтийн амлалт зарлагдсан бол Монгол Улсад хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд 1.48 тэрбум ам.долларын гэрээ, хэлэлцээр, санамж бичиг байгуулжээ.
Тухайлбал, Европын хөрөнгө оруулалтын банкнаас 200 сая евро, Дэлхийн банкнаас 100 сая ам.доллар, уул уурхайн компаниудаас газрын нөхөн сэргээлт, 5000 гаруй га талбайд заган ой байгуулах чиглэлээр 130 сая ам.долларын санхүүжилт татахаар болсон байна. Мөн Монголын Ногоон санхүүгийн корпораци болон ХААН Банк 50 сая ам.долларын гэрээ, хэлэлцээр байгуулжээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын нүүрсний хэрэглээг багасгах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, зам болон ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын байгууллага, түншүүдтэй 400 сая ам.долларын хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байна.
COP17-ын хүрээнд Монгол Улсын санаачилсан бэлчээрийн тэргүүлэх санаачилга олон улсын анхаарлын төвд орж, дэлхийн хэмжээнд бэлчээрийн нөхөн сэргээлт, газрын доройтолтой тэмцэх 45 төсөлд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын багц бүрдүүлжээ. Мөн нийт 23 улсад хэрэгжүүлэх газрын нөхөн сэргээлт, гангийн эрсдэлийг бууруулах 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийн багцыг зарласан байна.
Хурлын үеэр нийт 34 шийдвэр баталж, Монгол Улсын дэвшүүлсэн “Улаанбаатарын тунхаглал”-ыг төлөөлөгчид санал нэгтэйгээр баталсан нь гол үр дүнгийн нэг байв. Мөн бэлчээрийн менежмент, хувийн хэвшлийн оролцоо, элс, шороон шуурга, шинжлэх ухаан, бодлогын уялдаа болон газрын доройтолтой тэмцэх асуудлаар шийдвэрүүд гаргажээ.
Ногоон бүсэд үйл ажиллагаа явуулсан Монголын 53 байгууллага олон улсын болон дотоодын түншүүдтэй хамтын ажиллагаа эхлүүлж, нийт 38 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын боломж бүрдүүлсэн байна.
Ийнхүү COP17-ын хүрээнд Монгол Улс газрын доройтол, цөлжилттэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, ногоон хөрөнгө оруулалт татах шинэ боломжуудыг нээсэн ч зарласан санхүүжилт, гэрээ хэлэлцээрүүдийг бодит төсөл болгон хэрэгжүүлэх ажил цаашид үргэлжлэх юм.