ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

ДАШТ-ийг хэсгийн шатнаас өндөрлүүлсэн БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч огцорлоо

 

2026 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн шатнаас хасагдсаныхаа дараа БНСУ-ын шигшээ багийн дасгалжуулагч Хон Мён Бу албан тушаалаасаа огцорсноо мэдэгдлээ.

Тэрбээр "Өнөөдрөөс эхлэн БНСУ-ын эрэгтэй шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн ажлаа хүлээлгэн өгч байна. Солонгосын хөл бөмбөгийг хайрлаж, шигшээ багаа үргэлж дэмждэг хөгжөөн дэмжигчдээсээ уучлал хүсье. Бид тэдний хүссэн үр дүнд хүрч чадсангүй. Энэ бүх хариуцлагыг ерөнхий дасгалжуулагчийн хувьд би бүрэн хүлээнэ" хэмээн мэдэгдэлдээ дурджээ. 

"Чухал шийдвэр гаргах, тоглогчдоо сонгох, бэлтгэл бүртээ 'Энэ нь Солонгосын хөл бөмбөгт хамгийн зөв сонголт мөн үү?' гэж өөрөөсөө асуудаг байсан. Бүх шийдвэр минь зөв байсан гэж хэлэхгүй ч бүгдийг нь Солонгосын хөл бөмбөгийн төлөө гаргасан" гэв.

Хон 2024 оны долоодугаар сард хоёр дахь удаагаа шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон бөгөөд түүний гэрээ 2027 оны хоёрдугаар сар хүртэл үргэлжлэхээр байсан аж.

Арванхоёрдугаар сард БНСУ Мексик, Өмнөд Африк болон Чехийн шигшээтэй нэг хэсэгт орсон бөгөөд хэсгээсээ гарах боломжтой гэж хөл бөмбөг сонирхогчид үзэж байв.

Тэд эхний тоглолтдоо Чехийг 2:1-ээр буулган авч, дараа нь Мексикт 1:0-ээр ялагдсан. Ингэснээр Өмнөд Африктай хийсэн сүүлийн тоглолтоос дор хаяж тэнцээ авбал хэсгийн хоёрдугаар байраар шалгарах боломжтой байсан ч 1:0-ээр хожигдож, тэмцээнээ хэсгийн шатнаас өндөрлүүлсэн юм.

Хон Мён Бу энэ удаагийн ДАШТ-ий үеэр ажлаа өгсөн гурав дахь дасгалжуулагч болж байна. Түүнээс өмнө Тунисийн дасгалжуулагч Сабри Ламуши нэг тоглолтын дараа халагдсан бол Шотландын дасгалжуулагч Стив Кларк шигшээ багаа хэсгээс хасагдсаны дараа огцорсон юм.

Эх сурвалж: Korea Times

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen