Бурханы нэртэй ч бусармаг үйлдэлтэй, уран бүтээлгүй уран бүтээлч
Сүүлийн жилүүдэд Монголын сошиалд хамгийн их дуулиан тарьж байгаа уран бүтээлч бол реппер Энхбаярын Очирваань буюу тайзны нэрээрээ 113 гэж танигдсан артист. Өөрийгөө шинэ үеийн хип-хопчин гэж танилцуулсан ч, одоо тэрээр уран бүтээлээсээ илүү бүдүүлэг, ёс зүйгүй, садар самуун сурталчилагч гэдгээрээ танигдаад байгаа юм
Эхэндээ зарим нь 113-ыг “зоригтой стильтэй” гэж магтдаг байсан бол одоо түүнийг бараг л “анхаарал татахын тулд юу ч хийж мэдэх залуу” гэж тодорхойлох нь илүү тохиромжтой боллоо. Өнөөдөр уран бүтээл нь бус, сошиал дахь шуугиан нь л түүнд олонд танигдах боломж олгох шив…
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд “Маамуу нааш ир” дууг өөрчилж 113 реппер ёс бус үгсээр дүүргэн дуулсан бичлэг шуугиан тариад байна. Иргэдийн олонх нь “Урлагийн нэрээр юу ч хийж болно гэж үү?”, “Хүүхдийн дууг хүртэл ингэж доромжлох нь хэтэрхий юм” гэх мэт хурц шүүмжлэлээ хуваалцан, дуучны үйлдлийг гайхширч харж сууна.
Тэгвэл уг дууны зохиолч, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт Д. Лувсаншарав-ийн охин Л. Халиунсүрэн Оюуны өмчийн байгууллагад хандахаар болжээ.
Гэхдээ энэ анхны тохиолдол биш. 113 болон Ginjin нарын хамтран гаргасан “Зуны зугаа” дуу нь Буриад ардын “Ёохор” дууны аялгыг ашигласан гэж үзэгдэж, хүчтэй маргаан дэгдээсэн. Монголын Буриадын төв холбоо албан ёсны мэдэгдэл гаргаж, соёлын өвийг гуйвуулсан гэж буруутган уучлалт гуйхыг шаардсан.
Тус холбоо онцолсон зүйлс:
- Садар самуун сурталчилсан
- Охид, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг өдөөсөн
- Буриад ардын дууг бүдүүлгээр доромжилсон гэж үзсэн.
Харин 113 сошиал лайваар, уучлалт гуйхгүй, уран бүтээлээ өөрчлөхгүй гэдгээ тун зоригтой мэдэгдсэн нь шүүмжлэлийг улам хүчтэй болгосон.
Үүгээр ч зогсохгүй 2025 оны тавдугаар сарын 31-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “Зуны зугаа-113” тоглолт ч гэсэн шуугиан дэгдээв. Тухайн өдөр:
- Хутгалуулсан 3 хэрэг бүртгэгдсэн
- Танхайралтай холбоотой 35 дуудлага цагдаад ирсэн
- Үзэгчид, уран бүтээлчдийн хооронд маргаан гарсан байдаг
Зарим үзэгч тоглолтыг “маш муу зохион байгуулсан” гэж шүүмжилсэн бол хохирогчдын ар гэрийнхэн зохион байгуулагчид уучлалт ч гуйгаагүй гэж ярьсан…
Мөн зарим уран бүтээлч хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл тарсан ч 113 өөрөө:
“Хар тамхи хэрэглээгүй”
гэж мэдэгдэж байсан.
Одоо хамгийн их яригдаж байгаа асуулт бол энэ. 113 болон зарим уран бүтээлчид залуу үеийг юунд сурталчилж байна вэ?
- Хууль зөрчихийг “cool” мэт харуулах
- Бусдыг доромжлох үг хэллэгийг хэвийн мэт ойлгуулах
- Соёлын өвийг шоолж, гуйвуулан ашиглах
Эдгээрийг урлаг гэж нэрлэх үү, эсвэл анхаарал татах контент гэж нэрлэх үү гэдэгт олон хүн эргэлзэж байна.
Уран бүтээлч гэдэг хүн уран бүтээлээрээ үзэгч, сонсогчдыг баясгаж, нийгмийг соён гэгээрүүлэх ёстой. Гэтэл зарим нь өөрийнхөө уран бүтээл туурвих чадваргүйгээ нуухын тулд бусдын бүтээлийг сэглэж, зэрэмдэглэж, ёс бус үгсээр дүүргэн шиддэг.
Үүнийг хийх нь үнэндээ уран бүтээлч артистийн хийх зүйл биш. Лайк, хандалт цуглуулах ядруу арга гэлтэй. Бусдын хөдөлмөрийг доромжилж, соёлын өвийг шоолж, ёс суртахууныг гуйвуулж “cool” мэт жүжиг нь инээдтэй, гунигтай, ичмээр үйлдэл юмсан.
П.Самдан
www.BOLOD.mn