Сургуулийн хүүхдийн үдийн хоолны бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийг татан буулгахаар болжээ

Нийслэл хотод хүүхдүүдээ сургуульд хүргэж өгөх зорчилт түгжрэлийн нэг шалтгаан болдог. Тиймээс хүүхэд бүр гэртэйгээ ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэхээр “Хотхоны бага сургууль төсөл” хэрэгжүүлэх гэж буйг хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэв.
Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудлын тухай түүний хэлснээр төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй.
ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит ААН гүйцэтгэж байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ энэ чиглэлийн бизнест орон зай олгоно. Ингэхдээ нийслэлийн Боловсролын газар нийлүүлэлтийн чанар, стандартад хяналт тавьж, сурагчдын үдийн хоолыг чанартай байлгахад анхаарч ажиллах бол хүүхдийн үдийн хоолны хүнсний бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийн барилга, агуулах барих асуудлыг төсөвт тусгахгүй бөгөөд төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх гэж байгааг зогсоох аж.
Өмчийн харилцааны газраас дээрх байгууллагуудыг татан буулгах, хөрөнгө, өмчийн асуудлыг хамгийн үр ашигтайгаар зохион байгуулах саналыг боловсруулахаар болжээ.
Өөрөөр хэлбэл сургууль, цэцэрлэгийн хүнсний худалдан авалтыг ирэх намраас хувийн аж ахуйн нэгжүүдэд шилжүүлэх гэнэ.
2025, 2026 онд гэхэд хүүхдийн хоол үйлдвэрлэлийн угаагч, ариутгагч тоног төхөөрөмж авахад нийслэлийн төсвөөс ₮6.7 тэрбумыг баталсан бөгөөд өнгөрсөн онд ₮1.2 тэрбумыг зарцуулсан бол энэ онд ₮5.5 тэрбумаар дээрх тоног төхөөрөмжүүдийг худалдаж авна.