Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмэхээр шийдвэрлэжээ

Цахилгаан, дулааны үнийг нэмж байгаа талаар мэдээллийг Эрчим Хүчний Зохицуулах Хороо(ЭХЗХ)-ноос тодрууллаа.
Ингэхэд албаны эх сурвалж "Цахилгаан болон дулааны үнийг хэрэглэгчдэд ачаалал хамгийн багатай байхаар тооцож үе шаттайгаар нэмэхээр болсон. Энэ удаад таван хувиар нэмэх шийдвэр гарч байна" гэв.
Зургаадугаар сарын 5-ны өдрөөс эхлэн шинэ тарифаар төлбөр тооцогдох юм байна.
Нэмж дурдахад иргэд цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ зохицуулах, хэмнэх боломжтой байдаг бол дулааны эрчим хүч нь орон сууц, объектын талбайн хэмжээгээр тооцогддог. Тухайн хэрэглэгч дулаанаа тохируулж, төлбөрөө бууруулах хөшүүрэг одоогоор байхгүй. Иймд цаашид хэрхэх талаар Эрчим хүчний сайд Б.Найдалаа "Монгол Улс дулааны тоолуургүй. Дулааны тоолуурыг бүх шатанд хэрэгжүүлэх төслийг бэлтгэх ажлыг энэ оны гуравдугаар улиралдаа багтаж эхлүүлэхээр болж байна. Одоо шинээр баригдаж буй барилгууд дээр дулааны тоолуурыг суурилуулсан байх шаардлагыг барилгын норм дүрэмд оруулах үүрэг өгсөн.Цаашдаа Монгол Улсад дулаан, эрчим хүчийг тоолдог болно. Тоолсон хэмжээгээр хэмнэдэг байх ёстой. Үнэ тарифын хувьд зах зээлийн зарчимд нийцүүлэн зохистой хэмжээгээр зохицуулахыг ЭХЗХ-нд даалгасан байгаа" гэж байв.