Костюм, марк, номин чулуугаар хөрөнгөжсөн гэх Т.Аюурсайханы тайлбарт олон нийт эргэлзсээр байна

Нүүрсний гэх хэрэгтэй холбоотойгоор шүүхээс ял сонсож, энэ оны гуравдугаар сард хорих ялын хугацаа нь дуусч суллагдсан УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан дахин олны анхаарлын төвд орлоо. Энэ удаад түүний улс төрийн мэдэгдэл бус, харин хөрөнгө орлогынх нь эх үүсвэртэй холбоотой тайлбарууд цахим орчинд дахин яригдаж эхэлсэн байна.
Т.Аюурсайханы өмгөөлөгч шүүхийн шатанд өгсөн тайлбартаа түүнийг эрэгтэй костюм импортолж худалдаалснаар 50 мянган ам.долларын хадгаламжтай болсон гэж мэдүүлж байжээ. Мөн эцгээсээ өвлөж авсан маркийн цуглуулгаа зарж хэдэн арван мянган ам.доллар, еврогийн орлого олсон гэж тайлбарласан байдаг.
Үүнээс гадна Чили, Перу улсаас авчирсан хоёр номин чулууны нэгийг нь хөөрөг болгож, нөгөөг нь 30 мянган ам.доллароор худалдсан, автомашин болон үйлдвэрлэлийн зориулалттай барилга, тоног төхөөрөмжөө борлуулж хөрөнгө бүрдүүлсэн гэх мэдээлэл ч өмгөөллийн тайлбарт багтжээ.
Хэдийгээр эдгээр нь шүүхэд гаргасан албан ёсны тайлбар боловч олон нийтийн дунд багагүй эргэлзээ төрүүлсээр байна. Ялангуяа “костюм зарж хадгаламжтай болсон”, “маркны цуглуулга, номин чулуу зарж хөрөнгө босгосон” гэх тайлбарууд цахим орчинд шүүмжлэл, егөөдлийн бай болжээ.
Нүүрсний гэх томоохон хэрэгт нэр холбогдож байсан улстөрчийн хувьд Т.Аюурсайханы хөрөнгө орлогын талаарх асуулт өнөөдөр ч бүрэн хаагдаагүй бөгөөд түүний өмгөөлөгчийн гаргасан эдгээр тайлбар дахин хэлэлцүүлгийн сэдэв болоод байна.
П.Самдан
www.BOLOD.mn