Өмнөд Солонгосын пуужингийн хөдөлгүүрийн үйлдвэрт дэлбэрэлт болж, таван хүн амиа алджээ


Өмнөд Солонгосын Дэжон хотод байрлах Hanwha Aerospace компанийн пуужингийн түлш, хөдөлгүүрийн үйлдвэрлэлийн байгууламжид зургаадугаар сарын 1-нд хүчтэй дэлбэрэлт болж, улмаар таван хүн амиа алдаж, хоёр хүн бэртсэн талаар албаныхан мэдээллээ.
Ослын дараа үйлдвэрт гал гарсан бөгөөд амьд үлдсэн хоёр ажилтан өөрсдөө барилгаас гарч чадсан байна. Тэдний нэг нь хүнд зэргийн түлэгдэлт авсан талаар аврах албаны төлөөлөгчид мэдэгджээ.
Урьдчилсан мэдээллээр дэлбэрэлт нь пуужингийн түлшний үйлдвэрлэлийн шугамын цэвэрлэгээний ажлын үеэр болсон байж болзошгүй аж. Гэхдээ ослын яг шалтгааныг тогтоохоор цагдаа, гал түймрийн байгууллагууд хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Амиа алдсан таван ажилтны дунд 20 гаруй насны түр ажилчид байсныг компаниас мэдээлсэн бөгөөд дэлбэрэлтийн хүч их байсан тул зарим хохирогчийн цогцсыг таних ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тус үйлдвэр нь Өмнөд Солонгосын батлан хамгаалах болон сансрын үйлдвэрлэлийн томоохон компани болох Hanwha Aerospace-ийн эзэмшилд байдаг бөгөөд пуужингийн хөдөлгүүр, түлш, зэвсгийн системийн үйлдвэрлэл эрхэлдэг юм.
Ослын дараа Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Жэ Мён холбогдох байгууллагуудад бүх нөөц боломжоо дайчлан ажиллаж, ослын шалтгааныг нарийвчлан тогтоохыг үүрэг болгожээ.




Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen