50 метрийн цооногт унасан 3 настай охины аврах ажиллагаа 40 цаг давлаа


Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн уурхайн бүсэд 3 настай охин 50 метр орчим гүнтэй өрмийн цооногт унасан хэрэг 2026 оны тавдугаар сарын 27-ны өдөр гарсан бөгөөд аврах ажиллагаа 40 гаруй цаг үргэлжилсэн ч нөхцөл байдал маш хүнд хэвээр байна.

Албан мэдээллээр дуудлага тавдугаар сарын 27-ны өдрийн 12:30–12:40 цагийн орчимд Онцгой байдлын байгууллагад иржээ. Дуудлагын дагуу Төв аймгийн ОБГ, Үндэсний аврах бригад, уурхайн инженерүүд, эмнэлгийн баг шуурхай очиход хүүхэд 30-50 метрийн гүнд хөлөөрөө орсон байдалтай гацсан байсан талаар ОБЕГ мэдээлсэн байна.

Ар гэрийнхний ярьснаар охины аав, ээж амьдралын эрхээр уурхайд ажиллаж байсан бөгөөд хүүхдээ дагуулан явжээ. Охины өвөө Ц.Эрдэнэ-Очир “Харах хүнгүй болохоор хүүхдээ дагуулаад явж байсан. Хоолтой хонохын төлөө уурхай бараадаж яваа хүмүүс” хэмээн ярьсан байна. Авга ах нь “Өвөрхангайгаас эмээ нь ирж авах гээд замдаа явж байсан. Тэр хооронд ийм зүйл боллоо” гэжээ.

Охин унах үед ээж нь утасныхаа камераар араас нь харахад нуруундаа үүрсэн бамбарууштай цүнх нь харагдаж байсан талаар үеэл эгч нь мэдээлсэн байна. Тэрээр “Нэлээн олон цаг уйлсан. Сүүлдээ мэдээж уйлж чадахаа больсон” гэж ярьжээ.

Эхний шатанд аврагчид хүүхдийг дээрээс нь татаж гаргах оролдлого хийсэн байна. ОБЕГ-ын хурандаа А.Дашням “Дэгээ оруулж хүүхдийг дахин доош гулсахаас сэргийлсэн” гэж мэдээлжээ. Гэвч цооногийн амсар ердөө 25-30 см нарийн байсан тул хүн орох боломжгүй болж, хажуу талаас нь зэрэгцээ малталт хийх ажиллагаа эхэлсэн байна.

Аврах ажиллагааны эхний шөнө таван экскаватор, 50 гаруй алба хаагч ажиллаж эхэлсэн бөгөөд дараа нь хүч нэмэгдүүлж 100 орчим хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллагааг үргэлжлүүлжээ.

“Редвулкан” ХХК-ийн ашиглалтын инженер Г.Ренчинсангиа:

“Мэдээлэл авсан даруйд 8-9 км-ийн цаанаас бүх экскаватораа татан авчирсан. 32.5 метр хүртэл ухсан, хүүхдээс 4 метр орчим зайтай хөндлөн малталт хийж байна” гэж мэдэгдсэн байна.

Аврах ажиллагааны 20 дахь цагийн үед аврагчид цооногийн харалдаа 20 метр орчим гүн ухсан байсан бол 36-40 цаг өнгөрөхөд 32.5 метр хүртэл шатлан ухжээ. Гэвч хөндлөн ухах 9 метрийн хэсэгт шавар, намаг ихтэй, нурж болзошгүй нөхцөл үүссэн тул ажиллагаа маш удааширсан байна.

Төв аймгийн ОБГ-ын дарга Г.Эрдэнбат:

“25 метр хүртэл цооног ухсан. Байнгын гүний камер ажиллуулж, хүүхдийг хөргөхгүй байх, хүчилтөрөгчийн дутагдалд оруулахгүй байхад анхаарч байна” гэж мэдээлжээ.

Мөн Хайлааст багийн их эмч О.Баасанбалжир:

“Хүүхдэд одоогоор амьдын шинж тэмдэг илрэхгүй байна. Гэхдээ энэ нь эндсэн гэсэн үг биш. Ямар ч нөхцөлд гарч ирсэн бид яаралтай тусламж үзүүлэхэд бэлэн” гэж хэлсэн байна.

Харин охины үеэл эгч:

“Онцгой байдлыг дагаж ирсэн эмч өчигдөр өглөө албан ёсоор зүрхний цохилт зогссон гэж хэлсэн” хэмээн ярьжээ.

Ар гэрийнхэн аврах ажиллагаанд гомдолтой байгаагаа ч илэрхийлсэн. Охины гэр бүлийнхэн:

“Могой дурангийнхаа дэлгэцийг ч харуулсангүй. Бүлээн жин тавьж байна гэсэн чинь саванд бүлээн ус тавьсан байсан” хэмээн бухимдсан байна.

Ослын газар байрлах цооног нь “Редвулкан” ХХК-ийн эзэмшлийн уурхайн талбайд байсан нь тогтоогдсон. Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Б.Самбуу:

“Энэ талбай 2021 оноос ашиглагдаагүй. Хуулиараа туслан гүйцэтгэгч компани талбайгаа аюулгүй болгож хүлээлгэж өгөх ёстой” гэж мэдэгдсэн.

Мөн АМГТГ-ын дарга Б.Баянбаатар:

“Энэ цооногийг 2022 онд өрөмдсөн. Дөрвөн жилийн хугацаанд бөглөөгүй байна гэдэг сум, орон нутгийн хяналт шалгалт муу байсныг харуулж байна” гэсэн байна.

АМГТГ-аас байгаль орчны болон аюулгүй ажиллагааны хяналт хангалтгүй байсан байж болзошгүй гэж үзэн “Редвулкан” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах асуудлыг судалж эхэлжээ.

Нутгийн иргэдийн ярьснаар Заамарын уурхайн бүсэд ийм төрлийн хамгаалалтгүй өрмийн нүх олон байдаг бөгөөд мал унах тохиолдол ч байнга гардаг аж. Охины үеэл эгч:

“Би хүртэл уначихаар өчнөөн нүх байна. Чулуугаар таглаад л орхисон байдаг” хэмээн ярьжээ.

Энэхүү хэрэг Монголд уул уурхайн аюулгүй байдал, нөхөн сэргээлт, хамгаалалтгүй орхигдсон өрмийн цооногууд, мөн амьдралын эрхээр уурхай бараадаж буй залуу гэр бүлүүдийн асуудлыг дахин хүчтэй хөндөж эхлээд байна.


Б.Зул
www.BOLOD.mn
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen