Оросын оюутан тамирчдад тавьсан хоригийг FISU цуцалжээ
Олон улсын оюутны спортын холбоо /FISU/ тус байгууллагын ивээл дор болдог тэмцээнүүдэд нейтрал статустайгаар оролцохыг Оросын бүх оюутан тамирчинд зөвшөөрчээ. Энэ тухай ОХУ-ын Спортын сайд, Оросын Олимпын хорооны ерөнхийлөгч Михаил Дегтярев Telegram сувгийн хуудсандаа бичсэн байна.
“Олон улсын холбоодын зүгээс Оросын тамирчдыг оролцуулахыг бүрэн хориглосон спортын төрлүүдэд ч гэсэн FISU бие даасан статустайгаар оролцох эрхийг манай оюутан тамирчдад олгож байна. Энэ нь ганцаарчилсан болон багийн төрлүүдийг хамарч байгаа юм.
Мөн олон улсын холбоодын зүгээс Оросын тамирчдын эрхийг сэргээсэн төрлүүдэд FISU мөн адил байр суурийг баримтална” гэж Дегтярев дурджээ. Түүнчлэн Беларусийн тамирчдыг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр тэмцээн уралдаанд оролцохыг FISU зөвшөөрсөн байна.
Өмнө нь мэдээлснээр, гимнастик, жүдо, самбо, тэквондо, кикбоксинг, муай-тай, бокс, ММА холимог тулаан, бөхийн төрлүүдийн олон улсын холбоод Оросын тамирчдад тавьсан хоригоо цуцалсан билээ.
Түүнээс гадна, Олон улсын усанд сэлэлтийн холбооны /World Aquatics/ ивээл дор болдог тэмцээнүүдэд Оросын тамирчид төрийнхөө далбаан дор, төрийнхөө дууллыг эгшиглүүлэн оролцох боломжтой болсон юм. Өнгөрсөн оны 7 дугаар сард Германд болсон Дэлхийн оюутны спортын универсиад наадамд Оросын тамирчид нейтрал статустайгаар оролцож, 6 алт, 6 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн билээ. Тэд 2019 оноос хойш универсиадад оролцоогүй байсан юм.
Б.Адъяахүү
https://sonin.mn/newsDetail/17184