Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдэд 20–50 саяын зээл олгоно

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн жижиг зээлийг банкаар дамжуулан олгох сонгон шалгаруулалт зохион байгуулж, Хаан банк болон Төрийн банк шалгарсан байна. Энэхүү зээлийг иргэдэд жилийн 7 хувийн хүүтэй, 36 хүртэл сарын хугацаатайгаар олгохоор болжээ.
Жижиг зээлийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн болон малчинд 20 хүртэл сая төгрөг, нөхөрлөл, хоршоо байгуулах иргэн болон гадаадаас эх орондоо эргэн ирсэн иргэнд 40 хүртэл сая төгрөг, харин бичил үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд 50 хүртэл сая төгрөгийн санхүүжилт олгох юм байна. Мөн “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд малын гаралтай түүхий эд болох арьс шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжихэд онцгойлон анхаарч ажиллахаар болжээ.
Энэхүү жижиг зээл нь иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэх, өрхийн орлогыг тогтворжуулах, шинэ ажлын байр бий болгох болон орон нутгийн эдийн засгийг дэмжих зорилготой бодлогын арга хэмжээ юм.
Б.Зул