Б.Батцэцэг сайдын баруун гар Н.Цэрэндолгор төрийн компанийн ашгийг тэрбумаар нь хамсаар байх юм уу?!


-Б.БАТЦЭЦЭГ САЙДЫН ОЙРЫН ХҮН ГЭГДДЭГ Н.ЦЭРЭНДОЛГОР УБЕГ-ТАЙ ХАМТАРЧ “ТӨРИЙН ҮНЭТ ЦААС ХЭВЛЭЛ” КОМПАНИЙГ БАЙГУУЛЖ, ЖИЛД 1 ТЭРБУМЫН НОГДОЛ АШИГ АВЧ БАЙНА -
Гадаад паспорт, архи тамхины онцгой албан татварын тэмдэг гэх мэт төрийн бүх үнэт цаасыг хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” гэж компани бий. Энэ компанийн 51 хувийг төр эзэмшдэг бол 49 хувийг нь “Мигасон” компани эзэмшдэг. Хачирхалтай нь “Адмон”, “Непко” гэх мэт акулуудтай хэвлэлийн салбараас хэний ч мэдэхгүй “Мигасон” гэх компани ямар ч шалгаруулалт, өрсөлдөөнгүйгээр төрийн онцгой обьектын бараг тал хувийг авчихаж. Бүр хачирхаж эгдүүцмээр нэг үнэнийг одоо дэлгэе. Монгол төрийн бүх үнэт цаасыг хэвлэдэг “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн олж буй ашгийн 51 хувь нь төрд, 49 хувь нь “Мигасон” компанид очиж байна. 2024 онд гэхэд л “Мигасон” компанийн данс руу ногдол ашиг гэсэн тайлбартайгаар нэг тэрбум төгрөг шилжжээ. Цаашдаа ч “Төрийн үнэт цаас хэвлэл” компани ашигтай ажиллах хэрээр “Мигасон”-ы данс руу энэ мэтээр мөнгө урссаар байна гэсэн үг. Энэ их мөнгө хаашаа, хэний халаас руу орж байна вэ?
Цаасан дээр бол “Мигасон”-ы цорын ганц эзэмшигч нь Н.Цэрэндолгор. Тэгвэл тэр ямар хүч, хэр нөлөөтэй болоод төрийн онцгой обьектод эзэн суучихсан юм бол? Энэ асуултын хариуг сонссон хэн ч эгдүүцэж бухимдана.
Н.Цэрэндолгор төрд ажилласан ганц ч жилийн туршлагагүй. Хуульч мэргэжилтэй гэхээс өөр боловсорч хөгжсөн түүхгүй нэгэн. Шуудхан хэлэхэд түүний карьерын түүх “Б.Батцэцэг сайдын баруун гар” гэсэн дөрөвхөн үгэнд багтдаг. Гадаад харилцааны сайдын “Мөнхийн үсэг”, “Экопак” компаниудынх нь хуулийн зөвлөхөөр олон жил ажилласан тэрээр сайдын хүү Г.Соджамцын “Ви Эс Эм” компанийн гүйцэтгэх захирлаар ч ажиллаж байж. Н.Цэрэндолгор “Ви Эс Эм” компанийн захирлаас нэрээ хасуулчихсан байгаа ч энэ компанийн харьяанд байдаг Хөдөлмөрийн биржийг удирдаж ажиллуулдаг хэмээн эх сурвалжууд хэлж байна. Энэ олон хамаарал нь Н.Цэрэндолгорыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн баруун гар гэдгийг ил тод хэлээд өгч байна.
Н.Цэрэндолгор ”Мигасон” гэх компанийн эзэн гэдгийг нийтлэлийн эхэнд дурдсан. “Мигасон” компани 2013 оны хоёрдугаар 22-нд үүсгэн байгуулагдаж байж. Хэвлэх үйлдвэрлэл чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан энэ компанид Н.Цэрэндолгор тээр сүүлд буюу 2023 оны хоёрдугаар сарын 17-нд эцсийн өмчлөгчөөр бүртгүүлсэн байдаг юм. Хачирхмаар нь ”Мигасон” компанид тендер, худалдан авах ажиллагаа, ажил бараа үйлчилгээ нийлүүлсэн ямар нэгэн түүх байхгүй. Бүр хачирхмаар нь Н.Цэрэндолгорыг “Мигасон” компанид эзэн болсон яг тэр сард гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчийн компани байгуулах шийдвэрийг Монгол улсын Засгийн газар гаргасан байдаг. “Төрийн үнэт цаас хэвлэл” компанийн 49 хувийг ямар ч өрсөлдөгчгүйгээр авчихсан “Мигасон”-ы хувьд энэ бол энгийн нэг давхцал биш.
Н.Цэрэндолгор гэгч ийм нэгэн том зүрхтэй, эрх дархтай эмэгтэй төрийн өмчит компанийн ард эзэн сууж байна. Тэр чухам ямар эрх зүйн чадамжтай болоод УБЕГ-тай хамтран компани байгуулсан нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй. Ил байгаа мэдээллүүдээс, “Мигасон” компанийн түүхээс харахад Н.Цэрэндолгор бол ингэж дураараа дургих эрх зүйн чадамжгүй нэгэн. Гэвч тэр өнөөдөр ч төсвийн мөнгөөр гадаад паспорт хэвлэж, гологдол үүсгэж, санхүүгийн тэрбум тэрбумын зөрчил гарган, мэргэжлийн бусаар мөнгө угааж, “Мигасон” компанидаа жил 1 тэрбумын ногдол ашиг хуваарилуулж авсан шигээ данайж байна. Толгой компани нь жил бүр санхүүгийн зөрчилтэй, алдагдалтай ажиллаж байхад өөрийн компанидаа 1 тэрбумын ногдол ашиг хуваарилуулна гэдэг ардаа том нөмөр, том эзэнтэй хүний л хийж чадах ажил.
Нүд орой дээр гаргасан нэг өнцөг бий. Тэр нь Н.Цэрэндолгор ямар ч түүхгүй “Мигасон”-ы захирал болонгуутаа төрийн өмчийн том компанийн 49 хувийг ямар ч өрсөлдөөнгүйгээр авчихсан явдал. Ийм ил цагаан түрэмгий луйврыг маш том татаас, улс төрийн өндөр албан тушаалтан, эрх мэдэлтний нөлөөллөөр л хийж зүрхэлнэ. Н.Цэрэндолгорт ийм бяд байхгүйг нийтлэлийн эхэнд хангалттай тоочсон. Ингээд харахаар эрлийн үзүүр түүний эзэн Б.Батцэцэг сайд руу чиглэж байгаа юм. Товчхондоо Гадаад харилцааны сайд гадаад паспорт хэвлэдэг төрийн өмчит компанийн 49 хувийг “өөрийн болгох” санаандаа Н.Цэрэндолгорыг ашиглачихаж.
Д.БАТБОЛД
ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen