Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно
"Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал өнөөдөр боллоо.
Хурлын эхэнд тус компанийн 2025 оны санхүүгийн тайланг танилцуулсан юм.
"Эрдэнэс Тавантолгой" ХК нь 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулжээ. Өнгөрсөн онд 1.8 тэрбум ам.долларын орлого олно гэж төлөвлөсөн ч 1.7 тэрбум ам.долларын орлого олжээ. Нүүрсний үнэ хоёр дахин унаж, 2025 онд сүүлийн зургаан жилийн хамгийн хямд түвшинд очсон нь томоохон сорилт болсныг тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу хэлж байлаа.
Мөн ЭТТ ХК 2025 онд 1.6 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлж, цэвэр ашиг 1 их наяд 124 тэрбум төгрөг байна. Төлөөлөн Удирдах Зөвлөл(ТУЗ)-ийн шийдвэрээр уг ашгаас ногдол ашиг хуваарилахаар болсон. Тодруулбал нэгж хувьцаанд 65.55 төгрөг хуваарилах бөгөөд 1,072 хувьцаатай иргэнд татварын өмнөх дүнгээр 70,270 төгрөг олгогдохоор байгаа юм.
Тус компанийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу "ТУЗ-ийн шийдвэрийн дагуу 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан ногдол ашиг олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж байна. 1,072 хувьцаатай иргэн татварын өмнөх дүнгээр 70,270, татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно. Иргэдэд нийт 208 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна" гэлээ.
ЭТТ ХК нь 2025 онд Монгол Улсын нүүрсний нийт экспортын 32 хувийг бүрдүүлжээ.