Чуулган: Сэлбэ дэд төвийн нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг

Чуулган: Сэлбэ дэд төвийн нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг

 

Өнөөдрийн чуулганаар Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцлээ.. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Сэлбэ дэд төвтэй холбоотой ямар ч хэлэлцүүлэг орж ирээгүй. Байнгын хорооны хуралдаан дээр энэ талаар асуусан. Сэлбэ дэд төвийн өртөг зардалтай холбоотой хариулт өгье гэсэн боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. Тиймээс үүнийг дахиад асууя. Яг барилгынх нь өртөг хэд вэ? Дэд бүтэц, газар нь орвол хэд вэ? 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Таны асуултад хоёр хоногийн өмнө албан бичгээр хариу өгсөн юм байна. Сэлбэ төслийн хувьд нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг. Нийт борлуулалтын орлогыг энэ оны тавдугаар сарын сүүлээс эхэлж олохоор төлөвлөж байгаа. Борлуулалтын орлогыг 2 их наяд 647.74 тэрбум төгрөгөөр тооцсон.

Сэлбэ 20 минутын хот төслийн хувьд нийслэлийн орон сууцжуулалтын корпорац дээр борлуулалтын төлөвлөгөө, журмыг баталж НИТХ-аас баталсны дараа 2026 оны эхний улиралд буюу тавдугаар сарын сүүлээр, чадахгүй бол зургадугаар сарын эхээр бид борлуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Нийт 8575 өрх буюу 113 блок дээр борлуулалтыг хийнэ. Дундаж м.кв  61.72 м.кв, дундаж орон сууцны үнийг 1 м.кв нь 4 сая 810 мянган төгрөгөөр борлуулахаар одоогийн бизнес төлөвлөгөөнд төлөвлөгдөөд явж байна. 

Зах зээлийн үнэ болон бизнес төлөвлөлттэй уялдуулаад бид улирал болгон Сэлбэ 20 минутын хот дээр төлөвлөгөө, судалгааг хийгээд явж байгаа. Газар чөлөөлөлт дээр одоогийн байдлаар 392 тэрбум төгрөгийн зардал гарсан гэсэн тооцоо байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Сэлбэ 20 минутын хот төслийн гүйцэтгэгчээр нэр бүхий 4 монгол компани ажиллаж байгаа. Үүн дотроос нийслэлийн удирдлагуудтай холбоо хамааралтай компани бий юу? 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Одоогийн байдлаар нийслэлийн удирдлагуудтай холбоо хамааралтай гэсэн мэдээлэл надад байхгүй байна. Би тантай адилхан сошиал сувгуудаар мэдээлэл харж байгаа. Энэ талаар бид нягтлаад, компаниудын албан ёсны эзэмшигчийн талаар мэдээллийг танд бичгээр хүргүүлье. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Сошиал мэдээ гэхээс илүү Профессионалстрой гэдэг компани НЗД-ын туслах, НИТХ-ийн төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар болон Үнэн ба зөв намын даргын орлогч Ш.Мөнхсайхан нарын хамтран байгуулсан компани юм байна. Тэгэхээр анх бондоор санхүүжүүлнэ гэж эхлүүлсэн төсөл сүүлдээ ашиг сонирхлын зөрчил дагуулаад байгаа юм биш биз гэх хардлага төрүүлж байна шүү дээ. 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай: Таны хэлсэн Профессионалстрой компани Сэлбэ 20 минутын хот төслийн багц 3.3 дээр шалгараад ажлаа гүйцэтгээд явж байгаа юм байна. Эзэмшлийн хувьд надад одоогоор тодорхой мэдээлэл байхгүй байна. Эргээд танд бичгээр мэдэгдье. Б.Сэргэлэнбаатарын хувьд НЗД-ын туслах биш НИТХ-ын төлөөлөгч мөн. 

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen