Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ
Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Туул голын дагуу хурдны зам барих ажлыг зогсоох шийдвэр гаргалаа.
Энэ талаар Хууль зүй дотоод хэргийн сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Гэхдээ энэ шийдвэр түр юм уу, бүр юм уу гэдэг тодорхойгүй байна. Учир нь Хууль шүүхийн байгууллагаар шалгагдах хүртэл хэмээн мэдээлэлдээ тодотгосон.
Тэрээр “Иргэд, улс төрийн намууд, эрдэмтэн судлаачид “Туулын хурдны зам” төслийн асуудлаар Ерөнхий сайдад удаа дараа шаардлага хүргүүлээд байна. Байгаль орчин, замын түгжрэл, эдийн засгийн үр нөлөө, төслийн хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлуудаар тэдний дэвшүүлэн тавьсан үндэслэлүүдийг Монгол Улсын Засгийн газар хүндэтгэн хүлээж авах ёстой.
“Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой олон нийтийн төөрөгдөл, мэдээллийг нэг талд нь гаргах, үнэн зөвийг тогтоох ёстой. Иймд хууль хяналтын байгууллага хяналт шалгалт явуулж дуустал “Туулын хурдны зам” төслийг зогсоож байна” гэсэн.
Нэг талаар Гүйцэтгэх засаглалын тэргүүн хууль дээдлэх зарчмыг баримталж шийдвэрээ хуульд нийцүүлнэ гэдгээ илэрхийлж буй хэлбэр биз. Нөгөө талаар энэхүү хоёр талтай мэдэгдэл иргэдийн хувьд “тэгээд бүр зогсоож байгаа юм уу, түр юм уу?” гэсэн өөр нэг асуултыг үлдээв. Иргэдийн хувьд Ерөнхий сайдын шийдвэр хэр удаан хэрэгжихийг эргэцүүлж лавлах нь ч учиртай. Хэдхэн хоногийн өмнө Байгаль орчны сайд Туулын хурдны замын ажлыг мөн л зогсоолоо хэмээн мэдэгдсэн ч түр болж таарсан.
Ямартай ч энэ бол эхний үр дүн. Гэхдээ Н.Учрал Ерөнхий сайдын хэлснээр хууль хяналтын байгууллагын хяналт шалгалт гэдэг дараагийн хүлээлт бий болж байна.
Нийслэлийнхний ундны усны эх үүсвэрийн орших оршихгүйтэй холбогдож, иргэдийг хоёр талцуулаад байгаа Туулын хурдны замын төслийг эргэн сануулахад энэхүү тойрог зам нь Улиастайн уулзвараас Туул голын дагуу явсаар Дархан-Эмээлтийн замын уулзвар хүртэл үргэлжилнэ. Ингэхдээ хотын түгжрэлийг 30 хувиар бууруулна хэмээн төслийн дэмжигчид танилцуулж байгаа ч нийт төсөв нь 2.3 их наяд төгрөг буюу нэг км замыг барихад дунджаар 70 тэрбум ам.доллараар барина гэж байгаа нь анхаарал татаж байгаа. Мөн төсөл эхэлсэн даруйдаа туул голын ай савыг сүйтгэж, олон тооны бургасыг сүйтгэж эхэлсэн нь олны эсэргүүцлийн гол шалтгаан болоод байгаа юм. Ямартай ч урьд өмнө байгаагүй их төсөвтэй энэ том төсөл ард эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашигласан эсэх гэдэг том асуултын хариултыг хууль хяналтынхан гаргах ёстой болж байна.
Бид Засгийн газрын шийдвэр гарсны дараа Хатан Туулаа хамгаалах иргэдийн төлөөллийн байр суурийг сонирхсон юм. Тэд ч мөн хууль хяналтынхны шийдвэр гарах хүртэл үйл ажиллагаагаа зогсоохгүй гэдгээ илэрхийлж байна.
Сэтгүүлч О.Ариунбилэг: Х.Нямбаатартай улс төрийн хариуцлага тооно гэж найдаж байна
-Бидний хувьд цаашид талбай дээр жагсахгүй ч хууль шүүхийн асуудал шийдэгдтэл, үнэн мөн нь тогтоогдтол үйл ажиллагаагаа зогсоохгүй.
Өмнө нь Байгаль орчны сайд нь гарч ирээд “Туулын хурдны замын үйл ажиллагааг зогсоолоо” гэж байсан ч биднийг Тул гол дээр очиход үйл ажиллагаа нь зогсоогүй үргэлжилж байсан. Тэгэхээр бид засгийн газар зогсоолоо гэж мэдэгдсэнээр санаа амрахгүй, тэмцэж байгаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Хоёрдугаарт, туулын эргээр нөхцөл байдалтай танилцаад 200 гаруй иргэн сайн дураар алхаж, ажиглалт хийсэн, тухайн кэмпуудын үйл аижллагаатай танилцсан. Ингээд явж байхад маш олон газар бургас хядсан байсан. Тиймээс бургас хядсан газрыг эргэн сэргээх, дахин тарих чиглэлээр олон нийтэд уриалж, олон нийттэйгээ хамтдаа үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Байгал орчинд учруулсан хохирлыг төлж, нөхөн сэргээх байх гэж итгэж байна. Иргэд 33 хоногийн турш Үндсэн хуульд заасны дагуу Туул голоо аваръя гэж байгаль хамгаалах журамт үүргээ биелүүллээ. Одоо харин төрийн аппарат жинхэнэ ажиллах ёстой болов уу. Тэр дундаа АТГ, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг гэх мэт төрийн хууль, хяналтын байгууллагууд хянаж тогтоож шалгах байх. Мөн МАН Х.Нямбаатар гэдэг хүнтэй улс төрийн хариуцлага тооцох болов уу гэж найдаж байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 23.ПҮРЭВ ГАРАГ. № 77 (7819)