Иргэдэд очих 10 сая бодит уу, эсвэл “цахим” тоо юу?

Монгол Улсын Их Хурал 2007 оны 27-р тогтоолоор 15 ордыг стратегийн ач холбогдолтойгоор баталж, 2015 онд Гацуурт-ын алтны ордыг нэмснээр нийт 16 стратегийн ордтой болсон.
Үүнд Тавантолгой, Нарийн сухайт, Багануур, Шивээ-Овоо зэрэг нүүрсний ордууд, Мардай, Дорнод, Гурванбулагзэрэг ураны ордууд, Төмөртэй, Оюутолгой, Цагаан суварга, Эрдэнэт үйлдвэр зэрэг зэс болон төмрийн хүдрийн орд, мөн Бүрэнхаан,Бороо гол, Төмөртэйн овоо, Асгат, Гацуурт зэрэг алт, төмөр, фосфорит, цайр, мөнгөний ордууд багтдаг.
Эдгээр нь Монгол Улсын эдийн засаг, үндэсний аюулгүй байдалд онцгой ач холбогдолтойд тооцогддог.
2026 оны 2 дугаар сарын эхээр Монгол Улсын Засгийн газар стратегийн болон үүсмэл ордуудын өгөөжийн 60 хувийг иргэдэд хүртээх урьдчилсан хэлцэл хийж, “Ачит Ихт”, “Энержи Ресурс”, “Хангад Эксплорэйшн”, “Өсөх Зоос” зэрэг дөрвөн компанитай гарын үсэг зурсан. Уг тохиролцоогоор олборлолтын өгөөжийн 60 хувийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, иргэдэд хүртээх зарчим баримталж байгаа бөгөөд эцэслэн УИХ-аар батлагдсанаар хуульчлагдана.
Энэ талаар “М Си Эс” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оджаргал “төр дээрэмдэж байна гэж хэлэхэд хэцүү, олон удаагийн зөвшилцлийн үр дүн” хэмээн байр сууриа илэрхийлсэн бол “Ачит-Ихт”-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан компанийн 44%-ийн эзэмшлийг хадгалж, нийт өгөөжийн 60%-ийг татвар, төлбөр, хураамжаар төрд төвлөрүүлэх зарчимд тохирсон тухай тайлбарлав.
Харин Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар стратегийн ордуудын өгөөжийн 60 хүртэлх хувийг ард түмэнд хүртээх бодлого хэрэгжүүлж, Ашигт малтмалын тухай хууль болон Үндсэн хуулийн зарчимтай уялдуулан зохицуулалт хийж байна. Цаашид төрийн эзэмшлийн хувь, АМНАТ болон зах зээлийн үнийн уялдааг тодорхой болгох бөгөөд 2030 оноос иргэдийн хуримтлалын дансыг дунджаар 10 сая төгрөгт хүргэх зорилт тавьсан тухайгаа хэлсэн.
Баялгийн сангийн мөнгийг одоогоор иргэн бүрийн нэр дээр цахим хуримтлалын данс хэлбэрээр бүртгэж байгаа бөгөөд байгалийн баялгийн өгөөжөөс төвлөрсөн хөрөнгийг шууд авах боломжгүй. Харин энэ хуримтлал нь ирээдүйд ашиглах зориулалттай урт хугацааны хөрөнгө оруулалтын хэлбэр юм.
Өнөөдрийн байдлаар баялгийн сангийн мөнгө иргэн бүрийн нэр дээр цахим хэлбэрээр хуримтлагдаж буй. Одоогоор дундаж хуримтлал 175 мянган төгрөг орчим. Гэхдээ энэ мөнгийг шууд авах боломжгүй. Энэ хуримтлал нь ирээдүйд ашиглах зориулалттай урт хугацааны санхүүгийн хөрөнгө бөгөөд 2030 оноос эхлэн тодорхой нөхцлийн дагуу ашиглах боломж бүрдэхээр төлөвлөж байгаа аж.
Тухайлбал, хуримтлалыг томоохон мэс засал, хүнд өвчний эмчилгээ болон гадаад эмчилгээний зардал, дотоодын болон гадаадын их, дээд сургуулийн сургалтын төлбөр, орон сууцны урьдчилгаа, засвар үйлчилгээ, мөн жижиг, дунд бизнес эхлүүлэх санхүүжилтэд зарцуулах нөхцөлийг бүрдүүлэхээр зорьж байна.
Гэвч нийгэмд нэг асуулт хүчтэй хөвөрч байна: энэ бол бодит баялаг уу, эсвэл сонгуулийн мөчлөгтэй уялдсан улс төрийн мессеж үү?
Өнөөдөр иргэдийн дансанд “мөнгө” байна гэхдээ авах боломжгүй. Тоо өснө гэхдээ амьдралд нөлөөлөхгүй. 2030 он хүртэл хүлээх зуур инфляц, ханшийн савлагаа, түүхий эдийн үнийн цикл, улс төрийн өөрчлөлтүүд энэ амлалтыг ямар болгох вэ?
Хэрэв 60%-ийн зохицуулалт УИХ-аар батлагдаж, хэрэгжилт нь ил тод, хяналттай, улс төрөөс ангид байж чадвал энэ нь түүхэн алхам болно. Харин эсрэгээрээ, “цахим хуримтлал” нь сонгуулийн цикл бүрт дэвэргэгддэг тоон амлалт болж хувирвал баялгийн сан ард түмнийх бус, улс төрийн капитал хэвээр үлдэх эрсдэлтэй.
2030 он хүртэл хүлээх биш, өнөөдрөөс хяналт, ил тод байдал, хариуцлага шаардах нь л бодит баялгийн эхлэл байж мэднэ.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn