С.Батдөлөөс ялгаатай нь Л.Бямбасүрэн авлигын гэмт хэргийг зохион байгуулалттайгаар үйлдсэн гэж шүүх дүгнэсэн байна


Л.Бямбасүрэн, С.Батдөл нарын хэргийг хоёуланг нь авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамааруулан шалгасан боловч зүйлчлэл, хүндрүүлэх нөхцөл байдлаараа ялгаатай шийдэгдсэн байна. Л.Бямбасүрэнгийн хувьд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгээр буюу улс төрд нөлөө бүхий этгээд эсхүл зохион байгуулалттай бүлэглэн их хэмжээний хахууль авсан хүнд ангиллын гэмт хэрэгт буруутгагдсан бөгөөд энэ заалт нь нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж, 12-20 жил хүртэл хорих ял оногдуулах зохицуулалттай. Үүнээс гадна түүнийг Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2.1, 2.3 дахь хэсгүүдээр буюу гэмт хэргийн замаар олсон хөрөнгийг мэдсээр байж нуун далдлах, зохион байгуулалттайгаар мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн тул ялыг нэгтгэн 13 жилийн хорих ял, нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасах шийдвэр гарсан байна.

Харин С.Батдөлын хувьд Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр буюу нийтийн албан тушаалтан хахууль авсан гэж зүйлчилсэн нь зохион байгуулалттай бүлэглэл, улс төрийн нөлөө бүхий түвшинд хамаараагүй, харьцангуй хөнгөн ангилалд тооцогддог. Түүнд мөнгө угаах болон үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн зэрэг нэмэлт зүйл ангиуд хэрэглэгдсэн боловч зохион байгуулалттай гэмт хэрэг гэсэн хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй тул нийтийн албанд ажиллах эрхийг тодорхой хугацаагаар хасаж, нийт 10 жилийн хорих ял оногдуулсан. Иймээс эдгээр хоёр хэргийн гол ялгаа нь Л.Бямбасүрэнгийн үйлдлийг зохион байгуулалттай, улс төрийн нөлөө бүхий түвшинд хийгдсэн хүнд ангиллын гэмт хэрэг гэж үзсэн бол С.Батдөлынхыг харьцангуй хөнгөн буюу ийм хүндрүүлэх нөхцөлгүй гэж дүгнэсэнд оршиж, үүнээс шалтгаалан ялын хэмжээ болон төрийн албанд ажиллах эрх хасах хугацаанд мэдэгдэхүйц зөрүү гарсан байна.

Б.Зул
скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen