Gen Z — Дижитал ертөнцөд төрсөн үеийн онцлог


1997–2012 оны хооронд төрсөн үеийг нийтлэгээр Generation Z, эсвэл Gen Z гэж нэрлэдэг. Тэд бол технологи, интернэт, ухаалаг утас, сошиал медиатай хамт өссөн анхны бүрэн “дижитал уугуул” үеийнхэн юм. Энэ онцлог нь тэдний амьдралын хэв маяг, харилцаа, сэтгэл зүйд гүнзгий нөлөө үзүүлдэг.
Gen Z үеийнхэн мэдээллийг хурдан, богино хэлбэрээр хүлээж авдаг бөгөөд видео, богино контентын форматд илүү дассан байдаг. Харин энэ нь анхаарал төвлөрөх хугацаа богиносох, олон ажил нэг дор хийхдээ стресс үүсгэх зэрэг сорилт дагуулдаг. Тэд өөрийгөө илэрхийлэх эрх чөлөөг эрхэмлэдэг бөгөөд хүйс, үзэл бодол, сонирхлын хувьд нээлттэй, брэнд болон байгууллагаас шударга, ил тод байхыг шаарддаг нь Gen Z үеийнхний нийгмийн идэвхтэй, шүүмжлэлтэй сэтгэлгээнээс улбаатай.
Өнөөдрийн Gen Z-ийн өсвөр үеийнхэн болон залуучууд сэтгэлзүйн эрүүл мэндийн талаасаа мэдрэмтгий байдаг. Сошиал медиад суурилсан харьцуулалт, лайк, сэтгэгдлийн соёл нь өөртөө итгэх үнэлэмжийг бууруулж, түгшүүр, ганцаардлыг нэмэгдүүлдэг. Гэвч тэд энэ талаарх ойлголттой, mental health, self-care гэх мэт ойлголтыг хэвийн зүйл гэж хүлээн авч, нээлттэй ярьдаг нь тэдний давуу тал мөн. Мөн дижитал орчинд хурдан дасан зохицох чадвартай, олон соёл, олон үзэл бодлыг хүлээн зөвшөөрдөг, бүтээлч сэтгэлгээтэй нь Gen Z үеийнхнийг онцгой болгож байна.
Ажил, карьерын талаас Gen Z үеийнхэн уламжлалт ойлголтоос ялгаатай хандлагатай. Тэд “амьдрахын тулд ажиллах” биш, “ажил–амьдралын тэнцвэр”-ийг эрхэмлэдэг бөгөөд утга учиртай, нийгэмд эерэг нөлөөтэй ажил хийхийг илүүд үздэг. Санхүүгийн хувьд тэд илүү болгоомжтой, хөрөнгө оруулалт, фриланс орлого зэрэг шинэ боломжид нээлттэй ханддаг нь эдийн засгийн тогтворгүй нөхцөл байдлын улмаас бий болсон онцлог юм.
Гэвч Gen Z үеийнхэн олон сорилттой нүүр тулдаг. Тэдний амьдралын ихэнх хэсэг нь дэлгэцийн ард өнгөрдөг тул бодит харилцаа багасч, сошиал харьцуулалт, онлайн дарамт нь өөртөө итгэх итгэлийг бууруулдаг. Тэд түгшүүр, ганцаардал, стрессийг илүү мэдэрч, зарим тохиолдолд сэтгэл гутралд өртөх эрсдэл өндөр байдаг. Энэ нь зөвхөн тэдний сул тал биш, харин технологийн хөгжил, нийгмийн өөрчлөлттэй холбоотой сорилт юм.
Gen Z-ийг ойлгохын тулд тэднийг шүүмжлэхээс илүү, өөр орчинд өссөн гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хяналт бус харилцаа биш, ойлголцол, итгэлцэл, зөвлөгөө шаардлагатай. Технологийг хориглох биш, зөв хэрэглээ зааж, бодит туршлага, харилцааг дэмжих нь чухал. Тэднийг зөв чиглүүлснээр Gen Z нь айдастай, сул үе биш, харин хурдтай өөрчлөгдөж буй дэлхийд дасан зохицож буй, илүү нээлттэй, илүү мэдрэмжтэй, бүтээлч үеийнхэн болох боломжтой.
Эцэст нь хэлэхэд, Gen Z-ийн үеийнхнийг ойлгох нь зөвхөн эцэг эх, багш нарын биш, бүх нийгмийн үүрэг юм. Тэднийг зөв ойлгож, дэмжиж, бодит туршлагаар хөгжүүлэх нь ирээдүйн нийгэмд чухал хөрөнгө оруулалт болох нь тодорхой юм.

Б.Зул
www.BOLOD.mn

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen