Эрчим хүчний салбарыг нөмөрсөн “авилгын сүлжээнд” хэн хэн холбогдов


Монголын эрчим хүчний салбарт авлига, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг холбогдсон өндөр албан тушаалтнууд баривчлагдаж, шалгагдах болсон нь тус салбарт бий болсон авилгын сүлжээ ямар аймшигтай түвшинд очсоныг харуулж байна.
Энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын арван таванд ТЭЦ-Дөрвийн гүйцэтгэх захирал Тавинбэхийг баривчилсан нь олны анхаарлыг татав. Тэрээр өмнө нь Эрчим хүчний яаманд сайд, Төрийн нарийн бичгийн дарга зэрэг өндөр албан тушаал хашиж, хоёр мянга арван есөн онд Бүгд найрамдах Солонгос улсын “Экзим банк”-ны эх үүсвэрээр санхүүжүүлсэн арван аймгийн дулааны станц барих төсөлд зөвлөх үйлчилгээний гэрээний хугацааг үндэслэлгүй сунгаж, төсвийг хоёр аравны зургаан сая ам.доллараар нэмэгдүүлж, тодорхой компаниудад давуу байдал олгосон нь тогтоогдсон.
Түүний араас Товуудоржийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон нь авлигын сүлжээ хэр гүн гүнзгий болохыг харуулсан. Тэрээр зөвлөх үйлчилгээний гэрээнд давуу байдал олгосон гэх хэргээр шалгагдаж байна. Мөн Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Нямаа ч энэ сүлжээнд холбогдож, мөрдөн шалгах ажиллагаа дууссаны дараа шүүхэд шилжүүлэхээр тогтоогдсон нь салбарын нэр хүндийг дахин унагаасан юм.
Дараа нь “Эрчим хүчний үндэсний төв” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлууд болох Бямбасүрэн, Мөнхбаяр нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль авах хэрэгт холбогдуулан гуч хоногийн хугацаатай цагдан хорьж, нэгжлэг хийжээ. Мөнхбаяр нь Эрчим хүчний яаманд хэлтсийн дарга байсан, нөгөө нь одоо хувийн компанидаа ажилладаг нь салбарын авлигын сүлжээ хувь хүнээс хамааралтай биш, системийн гэмтэл болсон гэдгийг харуулж байна.
Мөн Баян-Өлгий аймагт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” төрийн өмчит хувьцаат компанийн салбарын дарга Кадирбекийн гэр, албан өрөөнд нэгжлэг хийжээ. Энэ үеэр "Алтай Таванбогд"-ыг ухах гэж байна хэмээн шүүмжлэлд өртөж байсан "Эс жи групп" нь алтны уурхай руу цахилгаан эрчим хүч холбохын тулд гучин таван киловатт цахилгааны шугам, хоёр мянга таван зуун киловатт хүчин чадал бүхий дэд станцын техникийн нөхцөлийг өөрчлүүлж, хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон нь авлигын сүлжээ дотооддоо хэрхэн тархсаны нотолгоо болсон юм.
Түүнчлэн Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Дотоод аудитын газрын улсын ахлах байцаагч Бямбадорж болон Хүннү хотын хөгжлийн корпорацийн инженер Мөнхсайханыг авлига, албан тушаалын хэрэгт холбогдуулан шалгаж, нэгжлэг хийжээ. Тэд өмнө нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хэлтсийн дарга, ахлах мэргэжилтэн байсан бөгөөд тэр үедээ авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байж болзошгүй нөхцөл байдлыг мөрдөн шалгаж байна.
Үүгээр ч зогссонгүй “Эрдэнэт-Булганы цахилгаан сүлжээ” төрийн өмчит компанийн захирал Адъяа, Ерөнхий инженер Эрдэнэцогт, инженер Азжаргал нарыг хахууль авсан байж болзошгүй хэргээр баривчилжээ. Тэд цахилгаан станц хүлээж авах комисст оролцож байхдаа гүйцэтгэгч компаниудаас авлига авсан гэж мөрдөгчид тогтоосон байна. Энэ нь салбарын дунд үеийн албан тушаалтнууд хүртэл авлигын сүлжээнд хэрхэн автан орсон нь ил болсон явдал юм.
Энэ бүх ажиллагаанд холбогдож буй хүмүүсийн ихэнх нь өмнө сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан нь салбарын авлигын сүлжээг зөвхөн “жижиг албан тушаалтнууд” бүрдүүлдэггүй, харин дээд түвшний удирдлагаас эхэлж, системчилсэн байдлаар үйлчилдэг болохыг харуулж байна.
Эрчим хүчний салбарын авлига нь төсвийн мөнгө, улсын стратегийн төслүүд, эрчим хүчний найдвартай байдлыг эрсдэлд оруулж байна. Шалгалт, баривчилгаа, нэгжлэгүүд үргэлжилсээр, салбарын нэр хүндийг улам унагааж байгаа энэ үйл явдал нь Монголын төрд хариуцлага, хяналт үнэхээр хэрэгтэйг илтгэсэн үйл явдал юмаа.

Б.Зул
www.BOLOD.mn

скачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen