Сургуулийн хажууд “тэсрэх бөмбөг” тавьчихсан Шунхлай

2023 оны наймдугаар сарын 14-нд ОХУ-ын Дагестан мужийн нийслэл Махачкала хотод аймшигт дэлбэрэлт болж, олон хүний амь нас, эрүүл мэндэд нөхөж баршгүй хохирол учирсан. Авто засварын газраас гарсан гал ойролцоох шатахуун түгээх станц руу тархаж, улмаар хоёр түлшний ёмкость дараалан дэлбэрсэн байна. Энэхүү ослын улмаас 35 хүн амиа алдаж, 80 гаруй хүн түлэгдэж, гэмтсэн нь олон нийтийг цочроосон билээ.
Анхаарал татах нь, дэлбэрэлт болсон шатахуун түгээх станц нь аж ахуйн нэгжүүд, иргэдийн зорчих бүсийн яг дунд байрлаж байсан. Энэ нь уг явдлыг “гэнэтийн золгүй тохиолдол” бус, урьдчилан харж болохуйц эрсдэлийн бодит жишээ болгож байна.
Шатахуун түгээх станц бол гал, тэсрэх бодис хадгалагдаж, өдөр тутамд эргэлдэж байдаг өндөр эрсдэлтэй объект. Ийм байгууламжид гал гарвал түүний тархалт, дэлбэрэлтийн долгион нь хэдхэн секундэд хяналтаас гарч, ойр орчмын барилга байгууламж, хүн амд ноцтой аюул учруулдаг.
Манай улсын Нийслэл хотод 13 сургууль дээр 200 метрээс дотогш 16 шатахуун, автогаз түгээх цэг байрлаж байна гэж Боловсрол, Шинжлэх Ухааны яам мэдээлжээ. Энэ нь галын аюулгүй байдлын норм, дүрэмтэй зөрчилдөж байгааг албаныхан хөндсөн байна. ШТС-ын ойролцоо хүүхдүүдийн аюулгүй байдал, эрүүл мэнд хөндөгдөж болзошгүй гэдгийг салбарын сайд анхааруулжээ.
Баянзүрх дүүргийн 14-р сургуулийн ойролцоо үйл ажиллагаа явуулж байгаа “Шунхлай” шатахуун түгээх станцыг нүүлгэхийг шаардаж эцэг эхчүүд мэдээлэл хийсэн. Тэдгээрийн үзэж байгаагаар хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдал эрсдэлд байгааг хүчтэй мэдэгдсэн байна.
Гэтэл сургууль, цэцэрлэгийн ойролцоох шатахуун түгээх станцуудыг нүүлгэх тухай шаардлага олон жил яригдсан ч бодит ажил огт урагшилсангүй. Эцэг эхчүүд, иргэдийн эсэргүүцэл, мэргэжлийн байгууллагын анхааруулга байсаар атал стандарт зөрчсөн станцууд хэвээр үлдэж, ашиг сонирхол нь хүүхдийн аюулгүй байдлаас дээгүүр тавигдсаар байна. Осол, гамшиг гарсны дараа л хариуцлага ярьдаг энэ хандлага бол бодлогын сулрал төдийгүй, ил тод шуналын илрэл юм.
Улсдаа томд тооцогдох компани хэрнээ Ийм байршлуудыг нүүлгэн шилжүүлэхгүй, эрсдэлийг багасгах бодит алхам хийхгүй байгаа шалтгаан нь ихэнхдээ ашиг сонирхол. Хотын төвд, урсгал ихтэй газарт байрлах станц илүү ашигтай. Харин нүүлгэх, стандартад нийцүүлэх нь компанид зардалтай.
Ингээд аюулгүй байдлыг хоёрдугаарт тавьж, хүний амийг ашгийн тооцоонд багтааж байна. Энэ бол техникийн асуудал биш, ёс зүйн болон бодлогын сонголт юм.
Махачкалагийн эмгэнэлт явдал бидэнд нэг л зүйлийг сануулж байна. Шатахуун түгээх станцын аюул “хэрвээ” биш, “хэзээ” гэсэн асуулт болж хувирдаг. Ослын дараа буруутан хайх бус, осол болохоос өмнө эрсдэлийг арилгах нь л жинхэнэ хариуцлага.
Хүний амь, хүүхдийн аюулгүй байдал бол ямар ч компанийн ашиг орлогоос илүү үнэтэй байх ёстой.
Б.Зул
www.BOLOD.mn
www.BOLOD.mn