ШХАБ-ын багийн шатрын тэмцээн Шанхайд эхэллээ


ШХАБ-ын багийн аварга шалгаруулах шатрын тэмцээн
Шанхай хотод өчигдөр нээлтээ хийлээ. Найм дахь удаагаа зохион байгуулагдаж буй уг тэмцээнд ШХАБ-ын гишүүн, ажиглагч 13 орны 2000-аас дээш чансаатай 40 гаруй тамирчин оролцож байна.
Монгол Улсаас шатрын их мастер С.Билгүүн, эмэгтэй их мастер, Монгол Улсын гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул, олон улсын мастер Э.Баасансүрэн нар багийн бүрэлдэхүүнд багтжээ.
ШХАБ-ын багийн аварга шалгаруулах энэхүү өндөр зэрэглэлийн тэмцээнд ОХУ, БНХАУ зэрэг орны шилдэг тамирчид эх орноо төлөөлөн оролцдогоороо онцлогтой. Оролцогч багуудын бүх зардлыг зохион байгуулагч тал хариуцдаг бөгөөд нэг баг хоёр эрэгтэй, нэг эмэгтэй тамирчнаас бүрдэнэ.
Тэмцээний “В” хэсэгт өрсөлдөж буй Монголын баг нээлтийн тойрогт Хятадын багт 1:2-оор хожигдсон байна. Энэ тоглолтод С.Билгүүн Хятадын Юу Янгуй-г хожсон бол Э.Баасансүрэн Хятадын супер их мастер Дин Лиренд, Б.Мөнгөнтуул Жү Вэнжүнд тус тус ялагджээ.
Харин хоёрдугаар өрөгт Монголын баг Шри Ланкийг 2.5:0.5-аар хожиж, гурав дахь тойрогт Казахстантай 1.5:1.5-аар тэнцсэн байна. Монголын баг өнөөдөр Тажикстан, Египетийн багуудтай тоглохоор товлогдсон байна.
Эхний гурван тойргийн дараах байдлаар “В” хэсгийг Хятадын нэгдүгээр баг тэргүүлж, Казахстан, Монголын багууд удаалж байгаа бол “А” хэсгийг Хятадын хоёрдугаар баг тэргүүлж, Беларус, ОХУ-ын багууд араас нь нэхэж байна.

Ч.Юмчирдуламскачать dle 12.0
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen