Эдийн засгийн нөхцөл байдлын талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Хуралдаанаар эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, учирч болзошгүй эрсдэл, цаашид хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар хэлэлцэж байна.
Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын шинэ бүрэлдэхүүнийг УИХ-д танилцуулж, ёсчилсон юм. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, төсвийн тодотгол хүлээлгүйгээр Засгийн газар хэмнэлтийн горимд бүрэн шилжиж, өөрөөс хамаарах бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэхээ мэдэгдсэн.
Тодруулбал, төрийн сангийн удирдлагыг сайжруулж, байгаа хөрөнгө, нөөцийг зүй зохистой зарцуулах, томилгоо, хурал зөвлөгөөн, тавилга хэрэгсэл зэрэг хэрэгцээ шаардлагагүй, илүүц зардлыг таслан зогсоох, татвар төлөгчдийн хөдөлмөр шингэсэн төгрөг бүрийг гамнаж, хэмнэхэд онцгой анхаарах болно гэдгээ онцолсон байна.
Ч.Юмчирдулам