Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ

Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны 29 жилийн ойн өдөр өнөөдөр тохиож байна. Хаврын урь орж ханш нээсэн энэхүү бэлэгт сайн өдөр тохиож буй төрсөн өдрөөрөө /2026.04.05/ залуучуудад зориулсан шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшны нээлтээ албан ёсоор хийлээ.
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшны албан ёсны нээлтийн үйл ажиллагааг эхлүүлж Монгол Ардын намын Нарийн бичгийн дарга, СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва үг хэллээ. Тэрээр 29 жил гэдэг бол зүгээр нэг тоо биш. Энэ бол үнэт зүйл, үзэл санаа, тэмцэл, итгэл, залгамж халаа, үе үеийн залуусын зүрх сэтгэлээр бичигдсэн түүх юм. Бид энэ хугацаанд 7 үеийн залуусын нүүрийг үзэж, тэдний хүсэл мөрөөдөл, тэмүүллийг нэгэн зорилго дор нэгтгэн, нийгмийн хөгжил дэвшлийн төлөө тууштай алхаж ирсэн хэмээн үе үеийн Ерөнхийлөгч нарын хийж бүтээсэн ажлын онцлог, түүхэн гавьяаг нэрлэж байлаа.
Мөн дижитал эрин үед залуучуудын дуу хоолой хурдтай, хүртээмжтэй, ил тод байх ёстой. “Galol” аппликейшн нь энэ шаардлагад нийцсэн, орчин үеийн, ухаалаг шийдэл болж чадна гэдэгт итгэлтэй байна. Энэ платформоор дамжуулан бид зөвхөн харилцах бус, хамтдаа шийдвэр гаргаж, хамтдаа бүтээж, хамтдаа хөгжих боломжийг нээж байна гэдгийг онцолсон юм.
SDY холбооны гишүүдэд зориулсан #GalOl аппликейшн нь залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, үнэлэмжийг бодитоор дүгнэх, залуучуудын сурч боловсрох, үзэл санаагаараа нэгдэн нийлэх боломжийг дэмжих цогц бодлого бүхий цахим апликейшн юм. Тус холбооны 18-35 насны залуус “GalOl” аппликэйшны хэрэглэгч болсноор сонирхлын бүлгээрээ нэгдэх, аливаа арга хэмжээнд оролцох, гишүүд цахим бүртгэлээрээ дамжуулан тэмцээн уралдаанд оролцох, гадаад, дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахдаа нээлттэй, шударга өрсөлдөх боломж бүрдэнэ.
60 мянга гаруй хүн нэгдэх боломжтой тус аппликэйшнд өнөөдрийн байдлаар 21 аймаг, 9 дүүргээс 800 гаруй хүн бүртгүүлсэн байгааг танилцууллаа. Ийнхүү “GalOl” аппликейшн нь хэрэглээнд нэвтэрснээр залуус илүү хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж, дижитал шийдлийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх чухал алхам болж байна.






















