У.Хүрэлсүхийг чөлөөлөх хүсэлтийг хэлэлцэх үеэр гишүүд юу хэлэв?


УИХ-ын чуулганы өчигдрийн /2026.11.19/ нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж, гишүүдийн 92.3 хувийн саналаар дэмжсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүд болон Засгийн газрын гишүүд өөр өөр байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ерөнхийлөгчийн шийдвэрийг гэнэтийн бөгөөд улс төрийн бүлэглэлүүдийн төлөвлөгөөнд том цохилт болсон гэж үзэв. Тэрбээр У.Хүрэлсүхийг шуналгүй Ерөнхийлөгч хэмээн тодорхойлж, бүрэн эрхийн хугацаа дуусахад долоон сар үлдсэн тул огцрох бус, буруугүй гэдгээ шүүхээр тогтоолгосны дараа ажлаа үргэлжлүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Мөн Ерөнхий сайд Н.Учралд дэмжлэг үзүүлэхийг уриалав.
Шадар сайд Т.Доржханд: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог тогтолцоонд шилжих нь зүйтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Түүнийхээр, олон намын төлөөлөл бүхий парламентын олонхоос Ерөнхийлөгчийг сонгодог болсноор улс төрийн тогтвортой байдал хангагдаж, нэг намын дотоод зөрчил төрийн дээд институцэд нөлөөлөх эрсдэл буурах аж.
УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара: Ерөнхийлөгчийг тойрсон хэт их магтаал, бялдуучлалыг шүүмжилж, парламентын гишүүд төрийн тэргүүний өмнө байр сууриа чөлөөтэй илэрхийлж чадахгүй байгааг буруушаав. Мөн У.Хүрэлсүхэд шударга ёсыг тогтоох таван жил гаруйн хугацаа байсан ч одоо ийм асуудал үүссэнд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлжээ.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Ерөнхийлөгчийг шийдвэр гаргаж, шаардлагатай үед албан тушаалаасаа явж чаддаг улс төрч хэмээн үнэлэв. Харин гадаадад байгаа хүмүүс Монголын дотоод асуудлыг хилийн чанадаас ярьж буйг шүүмжилж, намын байртай холбоотой асуудлыг улсын хэмжээний асуудал болгон дэвэргэж байгааг онцолжээ.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: Ерөнхийлөгчийн шийдвэрийг хүндэтгэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ түүний гадаад харилцаа, экспорт, боловсролын салбарт хийсэн ажлыг эерэгээр үнэлэв. Мөн улс төрчид ёс зүйтэй байж, хулгай, авлигын асуудалд хариуцлага хүлээдэг, хууль хяналтын байгууллагын ажиллагааг шаардаж чаддаг байх шаардлагатайг онцолсон байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen