Трамп, Путин, Ши Жиньпин нар түүхэн уулзалт хийж, энх тайвны тунхаглал гаргав


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар 2026 оны арваннэгдүгээр сарын 19-нд БНХАУ-ын Шэньжэнь хотод гурван талт дээд хэмжээний уулзалт хийж, “Энх тайвны төлөөх тунхаглал” гаргалаа.

Түүхэнд анх удаа дэлхийн гурван том гүрний төрийн тэргүүн нэг дор уулзсан энэхүү арга хэмжээний үр дүнд олон улсын аюулгүй байдал, стратегийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр дөрвөн гол асуудлаар санал нэгдсэн байна.
Тухайлбал, нэгдүгээрт, цөмийн зэвсгийн эрсдэлийг бууруулах асуудлыг хөнджээ. Гурван улсын удирдагч “Цөмийн дайнд ялах боломжгүй бөгөөд ийм дайныг хэзээ ч эхлүүлж болохгүй” гэсэн байр сууриа дахин нотолж, цөмийн зэвсэг дэлгэрэхээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах чиглэлээр яриа хэлэлцээ хийхээр тохиролцсон байна.
Хоёрдугаарт, НҮБ-ын шинэчлэлийн асуудлаар хамтран ажиллахаа илэрхийлжээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүн гурван улс дэлхий нийтийн тулгамдсан асуудалд илүү үр дүнтэй хариу үзүүлэх, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах үндсэн үүргийг нь бэхжүүлэхийн тулд НҮБ-ыг шинэчлэх шаардлагатай гэж үзсэн байна.
Гуравдугаарт, эрчим хүчний нийлүүлэлтийг тогтвортой байлгах асуудлыг тусгажээ. Гурван улс газрын тосны боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.
Дөрөвдүгээрт, Олон улсын эрүүгийн шүүхийн үйл ажиллагааны талаар байр сууриа нэгтгэжээ. Тухайлбал, улс орнуудын зөвшөөрөл болон төрийн албан тушаалтнуудын халдашгүй байдлыг хүндэтгэх нь чухал бөгөөд Олон улсын эрүүгийн шүүх болон түүнтэй адил байгууллагууд эрх мэдлээ урвуулан ашиглах ёсгүй гэж үзсэн байна.
Гэхдээ энэхүү уулзалтаар Украины дайн, Ираны асуудал зэрэг олон улсын хурцадмал нөхцөл байдлын талаар хэлэлцсэн гэх мэдээлэл байгаа ч эдгээр асуудал хамтарсан тунхаглалд тусгагдаагүй байна.
Олон улсын ажиглагчдын дүгнэж буйгаар гурван гүрний удирдагчдын уулзалт дипломат харилцааны хувьд түүхэн ач холбогдолтой боловч цөмийн зэвсгийн хяналт, зэвсэглэл хураах зэрэг асуудлаар тодорхой шинэ гэрээ, бодитой үүрэг амлалт хараахан бий болоогүй байна.
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen