ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРААС АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ТӨРЛӨӨ

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойг тохиолдуулан тус компанийн Ахмад ажилтан Дашцэрэнгийн Батцэрэнг Монгол улсын эрчим хүчний салбарт оруулсан бодит хувь нэмрийг нь үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 93 дугаар зарлигаар “АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН” цолоор шагналаа.
Д.Батцэрэн нь тус компанид 1984 оноос Дулааны оруулгын слесарь, Уурын хэсгийн инженер, Тохируулгын инженер, Диспетчерийн албаны дарга, Тохируулгын албаны ахлах инженер, Засварын хэсгийн инженер, Дамжуулах сүлжээний тохируулгын инженер, Шугамын ашиглалт, засварын 3 дугаар хэсгийн инженер, Аймгийн төвүүдийн дулаан хангамжийн хэсгийн инженер, Шугамын ашиглалт, засварын хэсгийн инженер, Орон нутгийн дулаан хангамж хариуцсан инженер зэрэг хариуцлагатай албан тушаалд ажиллаж, дулаан хангамжийн горим ажиллагааны хувьд хүндрэлтэй цэгүүдийн тохируулга, зүгшрүүлгийн ажлыг амжилттай зохион байгуулан, нийслэл хотын дулаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах, техник, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Тэрээр үйлдвэрлэлийн арвин туршлага, техникийн өндөр мэдлэг, удирдан зохион байгуулах ур чадвараараа шинэ залуу инженер, техникийн ажилтнуудыг сурган бэлтгэж, мэдлэг туршлагаа харамгүй өвлүүлэн, эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх үйлсэд мөн бодит хувь нэмэр оруулсан эрхэм инженер юм.
Их хотын мөнхийн гал голомтыг бадраан, нийслэл хотын дулаан хангамжийн хэвийн, найдвартай ажиллагааг хангах ариун бөгөөд хариуцлагатай үйлсэд 32 жилийн турш мэдлэг, ур чадвар, чин сэтгэлээ зориулан хөдөлмөрлөсөн Танд хөдөлмөрйин хамт олноос нь халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Төрдөө үнэлэгдсэн энэ их үйл хэрэг тань улам их амжилтын эхлэл болж, үе үеийн залуу хойч, ирээдүйн эзэддээ үлгэр дуурайлал болсоор байх болтугай.
“УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ” ТӨХК





Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen