Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын өнөөгийн нөхцөл байдлаар хяналтын сонсгол санаачиллаа


Цагдаагийн ерөнхий газрын мэдээллээр, 2026 оны эхний найман сард улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 365 гэмт хэрэг бүртгэгджээ. Өмнөх оны мөн үед 159 хэрэг бүртгэгдэж байсан бол энэ үзүүлэлт 206 хэргээр нэмэгдэж, ойролцоогоор 2.3 дахин болсон байна.
Прокурорын байгууллагын 2025 оны мэдээллээр, энэ төрлийн хэрэгт яллагдагчаар татсан 417 хүний 38 хувь нь 18–25, 40.7 хувь нь 25–35 насны хүмүүс байжээ. Энэ нь тухайн хэрэгт холбогдсон хүмүүсийн насны бүтэц болохоос нийт залуучуудын дундах хэрэглээний хувь биш юм.
Бүртгэгдсэн хэргийн тоо нь хэрэглэгчдийн нийт тоо, хэрэглээний бодит тархалтыг шууд илэрхийлэхгүй. Иймээс сонсголын хүрээнд гэмт хэргийн бүртгэлээс гадна эрүүл мэнд, боловсролын салбарын судалгаа, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний үйлчилгээний мэдээллийг хамтатган авч үзэхээр зорьж байна.
Сонсголоор дараах асуудлыг тодруулна:
Нөхцөл байдал, хяналт: Хууль бус эргэлт, нийлүүлэлтийг илрүүлэх, таслан зогсоох ажил ямар үр дүнтэй байна вэ? Хил, гаалийн хяналт, байгууллагуудын мэдээлэл солилцоо, илрүүлэлтийн чадавхад ямар хүндрэл тулгарч байна вэ?
Хүүхэд, залуучуудын урьдчилан сэргийлэлт: Сургууль, гэр бүл, олон нийтийн орчинд хэрэгжүүлж буй арга хэмжээ хэнд хүрч, ямар үр дүн үзүүлж байна вэ? Үр дүнг нь судалгаа, хэмжигдэхүйц үзүүлэлтээр үнэлж байгаа юу?
Эмчилгээ, сэргээн засах тусламж: Бодисын хэрэглээтэй холбоотой эмгэгийн эрт илрүүлэг, эмчилгээ, сэтгэл зүйн болон нийгмийн дэмжлэг хэр хүртээмжтэй байна вэ? Санхүүжилт, мэргэжилтэн, үйлчилгээний тасралтгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ?
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон НҮБ-ын Хар тамхи, гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан олон улсын стандарт нь бодисын хэрэглээтэй холбоотой эмгэгийн нотолгоонд суурилсан, үр дүнтэй, ёс зүйтэй эмчилгээ, үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэдэг. Сонсголын эмчилгээ, тусламж үйлчилгээний хэсэгт энэ хүрээнд мэдээлэл, мэргэжлийн тайлбар авахыг зорьж байна.
Сонсголын зорилго нь холбогдох байгууллагын тайлан, судлаачид, эмч мэргэжилтнүүд, иргэдийн мэдээллийг сонсож, өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн, шийдвэрлэх шаардлагатай асуудлыг баримтад тулгуурлан тодруулна.
УИХ-н гишүүн Баярмагнайн Баярбаатар

Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen