ОХУ-ын Төрийн думын сонгуулиар "Нэгдсэн Орос" нам олонхын санал авчээ


ОХУ-д гурван өдөр үргэлжилсэн Төрийн думын сонгууль өндөрлөлөө. Энэ удаагийн сонгуулийн ирц сүүлийн 15 жилд ажиглагдсан хамгийн өндөр үзүүлэлттэй байсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ.
Тодруулбал, Москвагийн цагаар ням гарагийн 20:55 цагийн орчимд сонгуулийн ирж 56.66 хувьд хүрсэн байна. Өмнөх 2021 оны сонгуулиар сонгогчдын 51,72 хувь нь санал өгчээ. 
Саналын хуудасны 52,27 хувийг боловсруулсны дараа Сонгуулийн төв хорооны мэдэгдсэнээр эрх баригч “Нэгдсэн Орос” (Единая Россия) нам 57,84%, ОХУ-ын Коммунист нам (КПРФ)  13,74%, Оросын Либерал демократ нам 8,73% (ЛДПР), “Шинэ хүмүүс” (Новые люди) 7,88%, “Шударга Орос” (Спаведливая Россия)  нам 5,13 хувийн санал тус тус авсан байна. Энэ таван нам өмнөх Думын бүрэлдэхүүнд ч багтаж байв. 
Интерфакс агентлагийн мэдээлснээр, “Нэгдсэн Орос” нам үндсэн хуулийн олонх болох магадлалтай байгаа аж. Учир нь тус нам нэг мандаттай 181 тойрогт ялалт байгуулж байгаагийн дээр сонгуулийн дүнгээр намын жагсаалтын дагуу 125 мандаттай болох юм байна. 
Энэ удаагийн сонгуульд оролцсон, дайныг эсэргүүцэж буй цорын ганц нам болох “Алим” (Яблоко) намыг анх сонгуульд бүртгэж, жагсаалтад багтаасан ч дараа нь “Родина” хэвлэлийн нэхэмжлэлээр сонгуулиас хассан юм. Украин газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгсний улмаас ОХУ-д өнгөрсөн зун нүүрлэсэн түлшний хямралын үед олон нийтийн дунд “Алим” намын нэр хүнд ихээхэн өссөн байна. Улмаар сонгуулиас хасагдсан ч тус нам дэмжигчдэдээ хандан ням гарагт мэдэгдэл хийж, сонгуулиар эрх баригч “Нэгдсэн Орос” намаас өөр намуудад санал өгөхийг уриалжээ. 
Энэ удаагийн сонгуульд Бүгд Найрамдах Донецк Ард Улс, Бүгд Найрамдах Луганск Ард Улс, Запорож болон Херсон мужийн оршин суугчид анх удаа оролцлоо. Эдгээр бүс нутагт ирц өндөр, 74,61-81 хувь байсан гэж албаны эх сурвалжууд мэдээлжээ. 
Эх сурвалж: ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen