Европ даяар хэт халалтын улмаас 1300 гаруй нас баралт бүртгэгдэв


Европ даяар хэт халалт үргэлжилсээр, олон зуун хүний амь нас эрсдэлд ороод байгааг ДЭМБ мэдээллээ. Герман, Польш, Чех зэрэг улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр урьд өмнө байгаагүйгээр халж, дээд амжилтууд эвдэгдээд буй бөгөөд энэ байдал цаашид ч үргэлжлэхээр байна.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус "Х" хаягаараа жиргэхдээ "Европ даяар хэт халалттай холбоотой 1300 гаруй үхэл зургадугаар сарын 21-нээс хойш бүртгэгдсэн. Халууны стрессийг чимээгүй алуурчин ч гэдэг. Европын байшин барилгууд ийм халуунд зориулж бариагүй. Дэлхийн хамгийн хурдацтай дулаарч буй тив бол Европ. Тодруулбал, Европ дэлхийн дунджаас хоёр дахин хурдацтай дулаарч байна" гэжээ.
Францын Эрүүл мэндийн сайдын зургадугаар сарын 28-нд мэдээлснээр тус улсад дөрөв, тавхан хоногийн дотор 1000 гаруй нас баралт бүртгэгдсэн байна. Нас барагсдын олонх нь 65 ба түүнээс дээш насныхан байжээ. Мөн нас барагсдын 40 хувь нь гэртээ байхдаа нас барсан аж.
Германд зургадугаар сарын 28-нд 41.7 хэм хүрч халсан нь мөн л гурав дахь өдрөө дараалан хамгийн их халсан тохиолдол болжээ. Түүнчлэн Чехэд хоёр өдөр дараалан дээд амжилт бүртгэгдэж, 41.1 хэм хүрсэн байна.
Хэт халалт нь хэдэн 10 жилд нэг л тохиодог үзэгдэл маягийн зүйл байсан бол сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлаас болоод жил бүр дээд амжилтууд бүртгэгдэх болов.
Эрс тэс цаг агаартай холбоотойгоор Европын эрх баригчид дор бүрнээ арга хэмжээнүүд хэрэгжүүлж байна. Тухайлбал, Нидерланд улсад зохион байгуулагдах байсан "Defqon.1" хөгжмийн наадам өнгөрсөн долоо хоногт цуцлагджээ. Мөн Парист олон нийтийн газарт согтууруулах ундаа хэрэглэхийг хоригложээ.
ЭХ СУРВАЛЖ: BBC
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen