Москвагийн нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгчээ


МОСКВА, 2026 оны зургаадугаар сарын 19 /Reuters/.
 Өчигдөр Украины цэргүүд Москва хот руу дроноор довтлох өргөн цар хүрээтэй ажиллагаа явуулж, Оросын нийслэл дэх нефть боловсруулах үйлдвэрт энэ долоо хоногт хоёр дахь удаагаа цохилт өгсөн байна. Украины эрх баригчид уг ажиллагааг Киев хот дахь 1000 орчим жилийн түүхтэй сүмийг сүйтгэсэн Оросын дайралтын хариу арга хэмжээ хэмээн тайлбарлажээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский “WhatsApp” сүлжээн дэх сэтгүүлчдийн группт илгээсэн дуут зурвастаа “Бид энэ дайныг хүсэхгүй байна, хэзээ ч хүсэж байгаагүй гэдгийг хүн бүр, тэр дундаа манай түншүүд ч мэднэ. Гэхдээ Украин шатвал танай Москва ч бас шатах болно” хэмээн мэдэгдсэн байна. 

Оросын тал мөн энэ долоо хоногт хоёр дахь удаагаа Киев хот руу пуужин харвасан бөгөөд өмнөх цохилтод тус хотын Печерск Лавра сүмийг сүйтгэсэн нь олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэлд өртсөн юм.

В.Зеленский нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн гэдгийг баталжээ. Украины тал мөн Оросын талын ложистик, хангамжийн сүлжээг тасалдуулах ажиллагаагаа улам эрчимжүүлж байгаа бөгөөд уг ажиллагааны хүрээнд Оросын өмнөд нутгийн Ростов муж дахь газрын тос хадгалах агуулах болон хоёр гүүрэнд цохилт өгчээ.

Орос-Украинны дайн эхэлснээс хойш дөрөв гаруй жилийн хугацаа өнгөрч буй энэ үед Оросын тал Украины хотууд руу пуужингаар үргэлжлүүлэн довтолсоор байгаа бол Украины тал хол зайд нисдэг дроноор Оросын эрчим хүчний дэд бүтцүүдэд өгөх цохилтоо эрс нэмэгдүүлжээ.


Г.Энх-Од
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen