Тэтгэврийн хуучин тогтолцоог халж, гурван тулгуурт систем нэвтрүүлэхээр боллоо

Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг УИХ-д өргөн барилаа. Уг төсөл нь баталгаат тэтгэвэр, тэтгэврийн даатгалын сан, хувийн нэмэлт тэтгэвэр гэсэн гурван тулгуурт тогтолцоог нэвтрүүлж, олон жил шимтгэл төлсөн иргэд илүү өндөр тэтгэвэр авах шударга тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм.
Хуулийн төсөлд бага тэтгэвэртэй, олон жил ажилласан ахмадуудад баталгаат тэтгэвэр олгох, 2013 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийг шинэ итгэлцүүрээр нэмэгдүүлэн тооцох зохицуулалт тусгажээ. Ингэснээр 504 мянган ахмадын тэтгэвэр нэмэгдэж, 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүү арилна гэж үзэж байна.
Мөн даатгуулагч өөрийн хүсэлтээр шимтгэлийн тодорхой хувийг хуримтлалын санд төвлөрүүлж, төрөөс нэмэлт урамшуулал авах боломж бүрдэх бөгөөд хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог хуульчлахаар тусгажээ.
Үүнээс гадна тэтгэврийн нас хойшлуулсан иргэдэд нэмэгдэл олгох, гарааны бизнес болон албан бус хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-д хөнгөлөлт үзүүлэх зэрэг өөрчлөлтүүдийг санал болгосон байна. Хуулийн төсөл батлагдвал гол зохицуулалтуудыг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.