Ази тивийн шатарчид Монголын хүүхдүүдэд амь аврах технологи бэлэглэх санаачилга гаргалаа
Монгол Улсад зохион байгуулагдаж буй Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй тамирчид Монголын хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалахад хувь нэмэр оруулах санаачилга гаргалаа.
Өнөөдөр, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар уг санаачилгыг Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээний үеэр танилцуулсан юм.
Энэхүү санаачилга нь Төв аймгийн Заамар суманд гарсан эмгэнэлт ослын дараа хүүхдийн аюулгүй байдал, орхигдсон цооног, уурхайн нүх, аюултай байгууламжийн хяналт, аврах ажиллагааны бэлэн байдлыг сайжруулах шаардлагыг дахин сануулж байна.
Тэмцээнд оролцож буй тамирчид Монгол Улсад хүүхэд цооног, нүх, гүн байгууламжид унах эрсдэлтэй нөхцөлд ашиглах боломжтой аврах төхөөрөмж, технологийн шийдлийг бэлэглэх санаачилга гаргажээ. Уг санаачилга нь зөвхөн нэг төхөөрөмжийн асуудал бус, хүүхдийг хамгаалах, эрсдэлийг урьдчилан сэргийлэх, аврах ажиллагааны технологийн чадавхыг нэмэгдүүлэх тухай юм.
Энэтхэгийн IIT Madras-ийн судлаач Садхам Усеан Рамасами хүүхэд гүн цооногт унасан үед аюулгүйгээр гаргах зориулалттай Inflatable Borewell Rescue Device буюу хийлдэг дэмжлэгтэй аврах төхөөрөмж зохион бүтээсэн байдаг. Энэхүү төхөөрөмж нь камер, олс, тулгуур механизм болон хүүхдийг гэмтээлгүй тогтоон гаргах зориулалттай хийлдэг хэсгүүдээс бүрддэг гэж олон улсын хэвлэлүүд мэдээлсэн.
Г.Занданшатар хэлэхдээ, шатар бол зөвхөн өрсөлдөөн биш, харин ёс суртахуун, хариуцлага, нөхөрлөл, нэгнийгээ түшиж дэмжих ухаан гэдгийг онцоллоо.
Энэ жилийн Азийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй 210 гаруй тамирчны 180 гаруй нь хүүхэд, өсвөрийн шатарчид байна. Тиймээс Хүүхдийн баярын өдөр зарлагдсан энэхүү санаачилга нь тэмцээний хамгийн үнэ цэнтэй утга санааг илэрхийлж байна. Энэ бол медаль, оноо, өрсөлдөөнөөс гадна хүүхдүүдийн нөхөрлөл, харилцан дэмжлэг, хүнлэг сэтгэлийн илэрхийлэл юм.
Монголын шатрын холбоо болон тэмцээнд оролцогчдын зүгээс холбогдох байгууллагуудтай хамтран уг санаачилгыг бодит ажил болгох боломжийг судлахаар төлөвлөж байна.
Заамарын эмгэнэлт хэрэг бидэнд нэг зүйлийг тод санууллаа. Хүүхдийн амь насыг хамгаална гэдэг зөвхөн эмгэнэл илэрхийлэх бус, дахин ийм эрсдэл үүсгэхгүй тогтолцоог бүрдүүлэх явдал юм.
Шатрын хөлөг дээр зөв нүүдэл амжилт авчирдаг. Харин нийгмийн амьдрал дээр зөв нүүдэл хүүхдийн амь насыг хамгаалж чадна.