Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 32-р хорооны иргэдтэй уулзаж, 2026 оны хөрөнгө оруулалтын ажлаа танилцууллаа

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар 32-р хорооны оршин суугчидтай уулзаж, энэ онд болон ирэх жилүүдэд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын ажлуудаа танилцууллаа. Тэрбээр дүүргийн 1–34 хороог бүсчлэн төлөвлөж, тухайн бүсийн тулгамдсан асуудлыг иргэдийн саналд тулгуурлан эрэмбэлж шийдвэрлэдэг талаар онцолсон байна.
Уулзалтын үеэр фасад дулаалга, дээвэр засвар, явган хүний зам, тоглоомын талбай, авто зогсоол зэрэг дэд бүтцийн асуудлуудыг иргэдийн саналаар хэлэлцэж, мөн архи, тамхины худалдаа, архины хамааралтай иргэдтэй холбоотой нийгмийн асуудлыг хөнджээ.
Өмнөх жилүүдийн туршлагын дагуу саналын эрэмбэ, төлөвлөлтийн үндсэн дээр 2026–2028 оны төсөвт томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг тусгах бөгөөд энэ хүрээнд авто замын засвар, орон сууцны орчны тохижилт, сургуулийн спорт заалны шинэчлэл, дээврийн засвар болон эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийн шинэчлэл зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөсөн байна.