Пёньян дахь ОХУ-ын Элчин сайдын суудал 8 сарын дараа эзэнтэй болов
Пёньян дахь ОХУ-ын Элчин сайдын суудал найман сар орчим эзгүй байсны эцэст эзэнтэй болжээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины долдугаар сарын 28-ны зарлигийн дагуу Нигери дэх Оросын Элчин асан Андрей Поделышевийг Пёньянд томилсон билээ. Уг зарлигаас хойш бараг хоёр сарын дараа буюу есдүгээр сарын 26-ны өдөр Андрей Поделышев гэр бүлийн хүний хамтаар Пёньянд ирэв.
Тэрбээр онгоцноос буумагцаа Улаан армийн цэргүүдийн дурсгалыг хүндэтгэхээр Зөвлөлтийн үеийн Чөлөөлөлтийн хөшөөг зорьжээ. Үүнийхээ дараа Курскт тулалдаж байгаад амь үрэгдсэн хойд солонгос цэргүүдэд зориулан барьсан дурсгалын цогцолборт зочилсон байна.
Андрей Поделышев нь 2024 оны арванхоёрдугаар сараас хойш Нигери улс дахь Элчин сайдаар ажиллажээ. Түүнийг Солонгосын талаар хамгийн арвин мэдлэгтэй албан тушаалтан гэж үздэг. Тэрбээр Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг 1984 онд төгсөөд, тухайн жилдээ ЗХУ-ын Гадаад хэргийн яаманд ажилд оржээ. Англи, солонгос хэлтэй Поделышев Пёньян дахь ЗХУ-ын Элчин сайдаар, Өмнөд Солонгос болон АНУ дахь Оросын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан туршлагатай.
ОХУ-ын Элчин сайд агсан Александр Мацегорагаас хойш Пёньян дахь албан тушаал эзгүй байв. Тэрбээр 2014 оны арванхоёрдугаар сараас 2025 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийг хүртэл Пёньян дахь Элчин сайдаар ажиллаж байгаад, 70 насандаа өөд болжээ.