Эрчүүд MMA тамирчин шиг харагдахын тулд зориуд “цэцэгт байцаан чих” хийлгэдэг болжээ

ОХУ-д зарим эрчүүд тулааны спортын тамирчдад түгээмэл тохиолддог “cauliflower ear” буюу “цэцэгт байцаан чих”-ийг зориуд хийлгэх шинэ тренд дэлгэрч байгаа талаар Оросын Telegram суваг болох Baza мэдээлжээ. Урьд нь MMA, бокс, бөх зэрэг спортын үеэр чих хүчтэй цохигдож үүсдэг байсан энэхүү согогийг одоо “илүү сүрдмээр, туршлагатай тулаанч” мэт харагдах имиж гэж үзэх болсон байна.
Ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг хүмүүсийн мэдээлснээр, нэг чихийг ойролцоогоор 6000 рублиэр хийдэг бөгөөд захиалга нь бүтэн сарын өмнөөс дүүрдэг болжээ. Зарим үйлчлүүлэгч илүү тод хэлбэр гаргахын тулд хэд хэдэн удаагийн процедур хийлгэдэг аж.
Харин мэргэжилтнүүд ийм төрлийн хиймэл өөрчлөлт нь сонсгол муудах, мөгөөрсний үрэвсэл, идээт хүндрэл үүсгэх эрсдэлтэйг анхааруулж байна. Сэтгэлзүйчид ч “жинхэнэ өөртөө итгэх итгэл гаднах дүр төрхөөр хэмжигдэхгүй” хэмээн онцолжээ.