Монголын улс төр шинэ сонголтын өмнө

Монголын улс төрд иргэдийн итгэл буурч, намуудын нэр хүнд доройтож буй нь нийгмийн хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Авлигын томоохон хэргүүд, эдийн засгийн дарамт, амлалт биелдэггүй улс төрийн тогтолцоо нь иргэдийг бухимдуулж, залуусын улс төрөөс залхах хандлагыг нэмэгдүүлжээ. Гэвч үүний зэрэгцээ илүү хариуцлагатай, шинэ үеийн улс төрийг хүсэх иргэдийн шаардлага улам хүчтэй болж байгаа нь Монголын ардчилал шинэ шатанд шилжих дохио болж байна.

Сүүлийн жилүүдэд Монголын улс төр авлига, хариуцлагагүй байдлын асуудлаар олон нийтийн шүүмжлэлийн төвд байсаар ирсэн. Нүүрсний гэх тодотголтой хэрэг, Хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудал, төсвийн үр ашиггүй зарцуулалт зэрэг нь төрд итгэх иргэдийн итгэлийг сулруулсан гол хүчин зүйл болов.

“Transparency International” байгууллагын 2024 оны Авлигын төсөөллийн индексээр Монгол Улс 180 орноос 114-т 2025 оны байдлаар 182 орноос 124-т эрэмбэлэгдсэн нь авлигын асуудал ноцтой хэвээр байгааг харуулсан үзүүлэлт болсон. Мөн олон нийтийн санал асуулгуудаар иргэдийн дийлэнх нь улс төрийн намуудыг “ашиг сонирхлын бүлэглэлд үйлчилдэг” хэмээн дүгнэх болсон байна.

https://www.transparency.org/en/cpi/2025/index/mng

Улс төр судлаач Б.Дөлгөөн “Иргэдийн төрдөө итгэх итгэл сулрах нь ардчиллын чанарт хамгийн том эрсдэл авчирдаг” хэмээн нэгэн ярилцлагадаа онцолсон байдаг. Учир нь итгэлгүй нийгэмд сонгуулийн оролцоо буурч, улс төрийн идэвх сулрах хандлага бий болдог.

https://www.medee.mn/single/187033

Монгол Улсын хүн амын дийлэнх хувийг 35 хүртэлх насны залуус эзэлдэг ч улс төрийн оролцоо нь төдийлөн өндөр биш хэвээр байна. Сонгуулийн ерөнхий хорооны мэдээллээр өмнөх сонгуулиудад залуусын ирц бусад насны бүлгээс харьцангуй бага байсан нь анхаарал татсан үзүүлэлт болсон.

Залуусын хувьд боловсрол, ажлын байр, орон сууц, инфляц зэрэг өдөр тутмын асуудал илүү бодит дарамт болж байна. Гэвч улс төр эдгээр асуудлыг шийдвэрлэхээс илүү эрх мэдлийн тэмцэлд төвлөрч байгаа мэт харагддаг нь тэдний итгэлийг бууруулжээ.

Нөгөө талаар цахим орчин шинэ үеийн иргэний оролцооны талбар болж байна. Сүүлийн жилүүдэд болсон жагсаал, хөдөлгөөнүүдэд голлон залуус оролцож, шударга ёс, хариуцлага, ил тод байдлыг шаардах болсон. Энэ нь залуус улс төрөөс бүр мөсөн татгалзаагүй, харин хуучин улс төрийн арга барилыг хүлээн зөвшөөрөхөө больсны илрэл гэж судлаачид үзэж байна.

Өнөөдөр улс төрийн намуудын өмнө тулгарч буй хамгийн том асуудал бол шинэчлэл юм. Иргэд өмнөх шигээ уриа лоозон, популист амлалтад итгэхээ больж, бодит үр дүн шаардах болсон.

Намуудын санхүүжилтийн ил тод байдал, нэр дэвшигчдийн ёс зүй, мэргэжлийн чадвар, авлигын асуудал сонгогчдын анхаарлын төвд байна. Үүнтэй холбоотойгоор бие даагчид болон шинэ намуудыг дэмжих хандлага нэмэгдэж буй нь уламжлалт улс төрийн хүчнүүдэд өгч буй анхааруулга гэж хэлж болно.

Мөн сонгогчид улс төрчдийн хувийн ашиг сонирхлоос илүү бодлогын өрсөлдөөнийг чухалчилж эхэлжээ. Эдийн засаг, агаарын бохирдол, түгжрэл, боловсролын чанар зэрэг асуудлыг бодитоор шийдэх чадвар улс төрийн гол шалгуур болж байна.

Улс төрийн өөрчлөлт зөвхөн намуудаас шалтгаалахгүй. Иргэд өөрсдөө мэдээлэлд тулгуурлан сонголт хийх, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, иргэний оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Ардчилал бол зөвхөн дөрвөн жилд нэг удаа санал өгөх үйл явц биш. Харин төрийн шийдвэрт хяналт тавьж, хариуцлага нэхдэг тогтолцоо юм. Хэрэв иргэд улс төрөөс бүрэн хөндийрвөл хуучин тогтолцоо өөрчлөгдөхгүй хэвээр үлдэх эрсдэлтэй.

Монголын нийгэм өнөөдөр итгэлийн хямралтай нүүр тулж байгаа ч энэ нь шинэ улс төрийн соёл бүрэлдэх боломж мөн байж болох юм. Илүү боловсролтой, мэдээлэлтэй, хариуцлага шаарддаг иргэдийн оролцоо нэмэгдэхийн хэрээр улс төрийн орчинд шинэчлэл хийх дарамт улам өссөөр байна.


Монголын улс төр өнөөдөр иргэдийн итгэл алдарсан, хариуцлагын хямралтай үедээ явж байна. Авлигын асуудал, намуудын нэр хүндийн уналт, залуусын үл итгэх байдал нь ардчиллын чанарт сөргөөр нөлөөлж байгаа ч нөгөө талд шинэчлэл хүссэн нийгмийн эрэлт урьд өмнөхөөс илүү хүчтэй болжээ.

Хэрэв улс төрийн хүчнүүд бодит шинэчлэл хийж, ил тод, хариуцлагатай тогтолцоог бий болгож чадвал иргэдийн итгэлийг сэргээх боломж бий. Харин хуучин арга барил, хийсвэр амлалтууд үргэлжилсээр байвал улс төрийн хямрал улам гүнзгийрэх эрсдэлтэй хэвээр байна.

Эцэст нь Монголын ардчиллын ирээдүй улс төрчдийн амлалтаас илүү иргэдийн ухамсарт оролцоо, хариуцлагатай сонголтоос шалтгаалах цаг иржээ.


Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen