Авлигын сэжигт холбогдсон нэрсийг дахин төрийн өндөр албан тушаалд томилох нь ёс зүй мөн үү?
Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнтэй холбоотойгоор олон нийтийн дунд нэг ноцтой асуулт дахин тавигдаж байна.
Тэр нь: авлига, албан тушаалын шинжтэй асуудлаар шалгуулах хүсэлтэд нэр холбогдсон хүмүүс төрийн шийдвэр гаргах түвшинд эргэн томилогдох ёстой юу?
Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Б.Энхбаяр, дэд сайд асан Д.Мөнх-Эрдэнэ нартай холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2026 оны 3-р сарын 23-нд Авлигатай тэмцэх газарт /АТГ/ шалгуулах хүсэлт гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тэрээр Б.Энхбаяртай холбоотой 4 бүлэг, 894 хуудас материал АТГ-т хүргүүлсэн гэж мэдэгдсэн байна. 
Мөн энэ үеэр Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаяр болон Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой хэд хэдэн ноцтой асуудлыг олон нийтэд дэлгэж, улмаар ХЗДХ-ийн сайд болон дэд сайд нар уг мэдэгдлийг “эхнээсээ дуустал худал гүтгэлэг” хэмээн няцаасан юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй, харин улс төр, хууль хяналтын түвшинд маргаантай, шалгуулах шаардлагатай асуудал үүсээд байна. 
Ийм нөхцөлд хамгийн чухал асуудал бол:
-Шалгуулах хүсэлтэд нэр холбогдсон, олон нийтийн итгэлд эргэлзээ үүсгэсэн хүн төрийн өндөр албан тушаалд дахин томилогдох ёстой юу?
-Эсвэл эхлээд хуулийн байгууллагаар асуудлаа бүрэн шийдүүлж, дараа нь төрийн хариуцлагатай албан тушаалд очих ёстой юу?
Энэ бол зөвхөн нэг, хоёр хүний асуудал биш.
Энэ бол төрийн ёс зүй, нийтийн итгэл, шударга ёсны стандарт-ын асуудал.
Хуулийн хувьд гэм буруутай нь тогтоогдоогүй хүнийг ажиллуулах боломж байж болно.
Гэхдээ ёс зүйн босго нь хуулийн хамгийн доод шалгуураас өндөр байх ёстой.
Төрд томилогдох хүнээс ард түмэн “шүүхээр ял авсан эсэх”-ийг биш,
харин “эргэлзээгүй нэр цэвэр, ашиг сонирхлын сүүдэргүй эсэх”-ийг шаардах эрхтэй.
Хэрэв “эв нэгдэл”, “шинэ эхлэл”, “хариуцлагатай засаглал” гэж ярьж байгаа бол юуны өмнө шалгуулах шаардлагатай асуудалд нэр холбогдсон хүмүүс өөрсдөө албан тушаалаас түр татгалзаж, шалгуулж, үнэнээ тогтоолгох ёстой.
Улс төрч хүнд өчүүхэн төдий ёс зүй байгаа бол эхлээд нэрээ цэвэрлэ, дараа нь төрд ажилла.
Төр бол туршилтын талбар биш.
Төрийн өндөр албан тушаал бол “шалгуулж байх зуур хашдаг сандал” биш.
Тоймч