Улс төрийн зарим үйл явдлын талаарх тамхины цэгийн тайлбар мэдээллүүд...


Н.УЧРАЛЫН ТАНХИМ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН МУУ ЗАСГИЙН ГАЗАР ГЭВ...
Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан дэлгэцээр ярьж. Сошиалаар нэг шуугьж байна. Тэрээр: Юун бүтээн байгуулалт, энэ улсад нэг ч төгрөг алга. Багш нарын цалинг нэмэх гээд бүх бүтээн байгуулалтыг зогсоосон. Аргаа бараад концессын гэрээ хийж байна гэж. Энэний тухай өмнө нь хэлээд л, бичээд л байсан. Г.Занданшатар Ерөнхий сайд байхдаа багш нарын цалинг байхгүй мөнгөөр нэмчихсэн юм. Мөнхүү: 25 оны сүүлчээр томоохон компаниудаас нэг их наядын татварыг урьдчилж аваад үрчихсэн. Хоёр долоо хоногийн өмнө байнгын хорооны хурал дээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Засгийн газар оны өмнө аж ахуйн нэгжүүдээс урьдчилгаа татвар авсан байна гэхэд Сангийн яамны албан тушаалтан: Оны өмнө орлого хүндэрсэн тул татварын урьдчилгаа 1 их наяд төгрөгийг татан авч зарцуулсан гэж хариулсан. Ийм популизмууд хийсэн. Тэрнийх нь лай Н.Учралд уламжлагдаж ирсэн. Гэвчиг Н.Учрал тэрийг нь даагаад гарч чадахгүй нь гэсэн үг. Төсвийн тогтворжуулалтын сангаа дуусгаад, Баялгийн сангийн харьяа Хуримтлалын сандаа хуруу гараа дүрчихэж. Эдүгээ Монгол Улс Оюутолгойн татвар, Харбины гэрээ хоёроор амь зууж байна. Нэгэнтээ: Том төслүүдээ зогсоосон учир мөнгөний эргэлт байхгүй. Ойрын таван жилдээ том хөрөнгө оруулалт Монгол руу зүглэхээ болилоо гэж судлаачид анхааруулаад эхэлсэн. Тэд давхар: Н.Учралын тэргүүлсэн Засгийн газрын бодлого цаг үеэ мэдрэхгүй, тэс хөндлөн ажиллаж байна. Олон боломж алдлаа. Цаг хугацаа ч алдлаа. Энэ бол түүхэн дэх хамгийн муу Засгийн газар гэх дүгнэлтийг өгч. Хэдий энийг улс төрийн жанцантай дүгнэлт гэж хазайлгаж болох ч энүүнээс болоод ард нийтийн амьдрал ахуй дээс томохын үлгэр лугаа болоод байгааг мартаж үл болно.
ЛУ. ГАНТӨМӨР ЧАНГАРЧ БАЙНА…
Монголын хоёр том намын дарга байна гэдэг барагтай улстөрчид олдохгүй тавилан, басхүү чангахан даваа. Энийг давсан улстөрчдийн нэг нь УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр. Тархай бутархай АН-аа нэг тамгатай болгож чадсан. УИХ-ын сонгуульд орох үгүй нь эргэлзээтэй намыг сонгуульдуулж 42 суудалтай болгосон. Хэдий энийг өнөөдөр ард нийт байтугай АН-ынхан мартсан ч цаг хугацааны шалгуураар Лу.Гантөмөрт ирэх нь тодорхой гавьяа. Хажуугаар нь: Хоёр том намын дарга хийсэн хүн гэдэг хат суусан, дол цохисон улстөрч байдгийг сүүл хэрийн үест Лу.Гантөмөр харуулах болж. Түүний үг жинтэй болж, тэрний хэрээр чангарч байна. Тэрээр түрүү долоо хоногт: Хотын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буй асуудал болон махны үнийн өсөлтөөс тусдаа сэдэв. Хотын даргыг сольж байгаа явдал нь эрх баригч МАН-ын дотоод фракцуудын тэмцэл маш хүчтэй эрчимжиж буйн илрэл юм. Энэхүү тэмцэл нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуваагдлаас хальж, орон нутгийн засаглалын түвшинд шилжин өрнөж байна гэж дүгнэхээр байна гэж. Мөнхүү: Иргэд мах, гурилаа авч чадаж байна уу. Өндгөө худалдаж авч дийлж байна уу. 10 хувийн инфляци ардаа хариуцлагагүй засаглалын уршгаар махны үнийн өсөлт Улаанбаатарчуудыг хоосон хонуулахад хүргэж байна. Үүнийг төр олж харахгүй, бүр харахыг ч хүсэхгүй байгаа нь аймшигтай. Тиймээс НӨАТ-ын буцаан олголт тухайн хүмүүсийн амьжиргааг дэмжихэд маш хэрэгтэй гэж. Басхүү тэрээр гадаадад байгаа иргэдийн сонгуулийн эрхийг хангахтай холбоотой хуулийн төслийг хэлэлцэх үеэр: Бум-Очир оо, чи сайн хүний үр сад. Ийм заваан юманд оролцож, Монголын дотоодын тролл арми бий болгох хууль оруулж ирж болохгүй гэж. Уул нь: Лу.Гантөмөр гишүүний энэ үгсийг улстөржүүлэн шүүмжилж, хэн нэгний тал болгож харахаасаа бодох нь зүй. Ул суурийг нь үзэх нь ээ тэр бодитыг л хэлээд байна.
Д.БАТЛУТАД ХАРИУЦЛАГАТООЦОХГҮЙ…
Дахиад л цэргүүд амиа алджээ. Энэ удаад эмгэнэлт явдал Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид болж, 19 настай байлдагчийн амь эрсэджээ. Энэ хэрэг олон нийтэд ил болсны дараа Батлах хамгаалахын сайд Д.Батлут “…Миний бие Батлан хамгаалахын сайдын хувьд энэ асуудлыг эцсийг нь хүртэл хариуцаж, армийн соёл, дотоод уур амьсгалыг өөрчлөх, цэргүүдээ хамгаалах системийн шинэчлэлийг тууштай удирдан зохион байгуулах болно. Энэ чиглэлд төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, эцэг эхчүүдийн төлөөлөлтэй нээлттэй хамтран ажиллахад бэлэн” гэжээ. Улмаар талийгаач цэргийн гэрт очиж эмгэнэл илэрхийлсэн юм. Харин олон нийт, улс төрийн намууд “…Үүний хариуцлагыг Батлан хамгаалахын сайд үүрэх ёстой” гэж үзэж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр “…Сахилга хариуцлагын асуудлаа ярь, Батлан хамгаалахын сайдыг огцруулах хэрэгтэй. Ингээд сууж байгаа нь гунигтай, муухай харагдаж байна” гэсэн юм. АН-ын өөр бусад гишүүд ч ийм байр суурийг илэрхийлсээр байна. Тэд энэ долоо хоногт Батлан хамгаалахын сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлэхээр болжээ. Гэхдээ Ерөнхий сайд Н.Учрал тэдний хүсэлтээр хүлээж авах эсэх нь эргэлзээтэй. Ерөнхий сайд энэ асуудлаар “…Цэрэг хүү амиа алдсанд маш их харамсаж байна. Батлан хамгаалах салбарын бодлого үйл ажиллагаа, удирдлагын дарамт шахалт, анги салбарын болон төрийн тусгай албан хаагчийн буруутай үйлдэлтэй холбогдолтойгоор цэрэг хүү амиа алдсан бол хэн ч байсан заавал хариуцлага хүлээх ёстой” гэж “хариу” өгсөн. Гэтэл нь: “Энэ нь хэн нэгэн хариуцлага хүлээнэ, гэхдээ Д.Батлут биш гэсэн үг” хэмээн эх сурвалжууд тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Н.Учралын зүгээс Д.Батлутыг Батлан хамгаалахын сайдаас огцруулах хүртэл хариуцлага тооцохгүй нь бололтой.
Д.ГАНЗОРИГ ЦЭЦИЙН ШИЙДВЭРЭЭР ЭРХ МЭДЛЭЭ ДАХИН 6 ЖИЛЭЭР СУНГУУЛНА…
Дээд шүүхийн ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа 26 оны зургадугаар сарын 2-нд дуусна. Тэрээр 20 оны зургадугаар сарын 2-нд Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар уг албан тушаалд томилогдож байсан юм. Хуулиар: Дээд шүүхийн ерөнхий шүүгч 6 жилийн хугацаатай нэг удаа л томилогдож ажилладаг. Гэтэл нь: Цэц тавдугаар сарын 19-нд: Шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн Дээд шүүхийн ерөнхий шүүгчийг Дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно гэсэн заалтын Зөвхөн нэг удаа гэж заасан нь Цэцийн 16 оны арванхоёрдугаар сарын 2-ны дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэхээр Их суудлын хуралдааныг энэ сарын 27-ны өдөр хийхээр товлолоо гэж зарлаж. Энэрхүү цаг үед энэ шиг асуудлаар Цэц хуралдах нь санаандгүй юм биш. Шийдвэр нь тодорхой. Д.Ганзориг Цэцийн шийдвэрээр дахин зургаан жилээр эрх мэдлээ сунгуулах нь. Уул нь. Д.Ганзоригийг буухаар оронд нь Гавьяат хууль, Дээд шүүхийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр гэж чамбай шүүгч очих шинж ороод байсан юм.
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АХАЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ УИХ-ААС СОНГОДОГ БОЛГОНО…
Өнгөрөгч долоо хоногт УИХ дээр нэг ойлгомжгүй явдал болсон. УИХ-ын хэвлэлийн албанаас: УИХ-ын дарга УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийнхэнтэй уулзаж санал солилцлоо гэдэг мэдээ бэлтгэж цацсан. Энийг тодруулах нь ээ: УИХ-ын даргын 26 оны тавдугаар сарын 19-ний захирамжаар УИХ-ын хууль тогтоох, хянан шалгах болон төлөөллийн бүрэн эрхийг бэхжүүлэх, институцийн чадавх, үйл ажиллагааны сахилга, хариуцлагыг сайжруулах, парламентын нэр хүнд, иргэдийн итгэлийг дээшлүүлэх чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулжээ. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ажиллаж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Б.Батбаатар, Ж.Батсуурь, П.Ганзориг, Б.Жавхлан, С.Зулпхар, Э.Одбаяр, Д.Пүрэвдаваа нар багтсан байна. УИХ-ын туршлагатай гишүүд, гол нь УИХ-ын нам эвслийн бүлгүүдээс бүрдсэн ажлын хэсгийн хийх ажлыг бүрхэгдүүлж. Бараг л ойлгуулаагүй. Тэгсэн нь: Тус ажлын хэсэг тун чанга, том үүрэг хүлээж. Ажлын хэсгийн гол зорилго нь: Ерөнхийлөгчийн УИХ-аас сонгодог болгох юм байна.
 
Ө.БАТБИЛЭГ
ӨДРИЙН СОНИН
Сэтгэгдэл үлдээх


reload, if the code cannot be seen