Их гүрнүүдийн харилцаа: Дональд Трампын айлчлал
Эртний Хятадын их сэтгэгч Лаоз “Их улсыг засахуй нь өчүүхэн жижиг загас жарамгай чанах лугаа адил” хэмээн өгүүлсэн байдаг. Эдүгээ дэлхий ертөнц даяар тодорхой бус байдал даамжирч, дайн дажин, бүс нутгийн мөргөлдөөн шил шилээ даран дэгдэж, хүмүүн төрөлхтөн даян дэлхийн шинжтэй томоохон сорилтуудтай нүүр тулгаран, ихээхэн зөрчилтэй орчлон ертөнц дээр аж төрж байна. Ийм цаг үед АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 2026 оны 5 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж, дэлхийн бодлогыг тодорхойлдог хоёр их гүрний удирдагчид Бээжин хотод уулзав.
БНХАУ, АНУ-ын удирдагчид өнгөрсөн оны 10 дугаар сард Пусанд хийсэн уулзалтаас хойш хагас жил гаруйн дараа, Дональд Трампын 2017 оны 11 дүгээр сард Хятадад хийсэн айлчлалаас хойш 9 жилийн дараа тийнхүү дахин нүүр тулан уулзсан нь дэлхий дахины хараа анхаарлыг татсан онцгой чухал үйл явдал байлаа.
БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2017 оны 4 дүгээр сард АНУ-д айлчилж, Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалт дээр хэлэхдээ “Хятад, Америк хоёр улсын харилцаа сайн байх нь зөвхөн хоёр улс, хоёр орны ард түмэнд төдийгүй, дэлхий дахинд тустай. Бидэнд Хятад, Америкийн харилцааг сайн байлгах мянган учир шалтгаан буй. Харин Хятад, Америкийн харилцааг муутгах нэг ч учир шалтгаан байхгүй” (“Ши Жиньпин Төр улсыг засах тухай II боть, 488-р тал) хэмээн онцлон дурдсан байдаг. Хятад, Америкийн төрийн тэргүүн нарын энэ удаагийн уулзалт хэлэлцээний үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Хятад, Америк хоёр улс “Фукидидийн занга”-ыг гэтлэн давж, их гүрнүүдийн харилцааны шинэ хэв маягийг үүтгэн тогтоож чадах эсэх”, “Даян дэлхийн шинжтэй сорилтуудыг гар гараасаа барилцан сөрөн зогсож, дэлхий ертөнцөд илүү тогтвортой байдлыг буй болгож чадах эсэх”, “Хоёр орны ард түмний аз жаргал, хүн төрөлхтний ирээдүйн хувь заяанд анхаарлаа хандуулж, хоёр орны харилцааны сайн сайхан ирээдүйг хамтдаа цогцлоож чадах эсэх” гэсэн гурван асуудал дэвшүүлжээ.
“Эдгээр нь түүхэн асуулт, дэлхий дахины асуулт, ард түмний асуулт, түүнчлэн их гүрний удирдагчид хамтдаа бичиглэх ёстой эрин үеийн хариулт мөн” хэмээн онцолсон байна.
“Фукидидийн занга” гэдэг нь эртний Грекийн нэртэй түүхч Фукидид хэмээх хүний хэлсэн үгнээс үүдэлтэй хэмээх агаад тэрбээр “Шинээр мандан бадарсан их гүрэн болон урьд нь ноёрхож байсан их гүрэн хооронд зайлшгүй өрсөлдөөн гарах агаад хоёр талын тийм зөрчил тэмцэл нь ихэвчлэн дайнаар дуусдаг” гэж үзэж байсан ажээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Фукидидийн занга” хэмээх энэ үгийг урьд өмнө нь бас иш татан дурдаж байсан ажээ. Тэрбээр 2015 онд АНУ-д айлчлах үеэрээ хүндэтгэлийн зоог дээр хэлсэн үгэндээ “Дэлхий дээр уг нь“Фукидидийн занга” гэж үгүй. Гэвч их гүрнүүдийн хооронд стратегийн буруу дүгнэлт хийх юм бол, магадгүй өөрөө өөртөө “Фукидидийн занга” буй болгож болох юм” гэж хэлсэн бол, 2017 онд НҮБ-ын Женевийн төв байранд хэлсэн үгэндээ “Их гүрнүүд харилцан бие биеийн цөм эрх ашиг болон харилцан сонирхож буй томоохон асуудлыг хүндэтгэн, зөрчил, санал зөрөлдөөнийг хазаарлан, үл мөргөлдөх, үл сөргөлдөх, харилцан хүндэтгэх, хамтран ажиллаж, хамтдаа хожих шинэ маягийн харилцааг цогцлоох ёстой. Гагцхүү хэлхээ холбоо тогтоож, чин үнэнчээр зэрэгцэн оршиж байж “Фукидидийн занга”-наас зайлсхийж чадна” (“Ши Жиньпин Төр улсыг засах тухай II боть, 541-р тал) хэмээн онцолсон байдаг. БНХАУ-ын дарга энэ удаагийн уулзалт хэлэлцээний үеэр “Миний бие Ерөнхийлөгч Трампын хамтаар, Хятад, Америкийн харилцаа хэмээх энэхүү аварга том хөлгийг сайтар замчлан чиглүүлж, залж хөтлөн, 2026 оныг Хятад, Америкийн харилцаа уламжлалаа хадгалж, урагшлан хөгжсөн түүхэн, тэмдэглэлт он болгохыг хүсэж байна” хэмээн онцолжээ. Тэрбээр 2019 онд “Зай ойртож, харилцаа ихсэхээр зөрчил, сөргөлдөөн гарах нь зайлшгүй. Зөрчилдөөн, мөргөлдөөнтэй нүүр тулбал ярилцан хэлэлцэж, хамтран ажиллах нь хамгийн зөв зам мөн.
Эрх тэгш хандан, харилцан ойлголцож чадваас, шийдвэрлэх аргагүй хүнд асуудал гэж үгүй” (“Ши Жиньпин Төр улсыг засах тухай III боть, 210-р тал) хэмээн онцолсон байдаг.
Хятад, Америкийн удирдагчдын энэ удаагийн уулзалт хэлэлцээний хамгийн чухал нэг үр дүн нь “Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцаа”-г хоёр улсын харилцааны шинэ зорилго болгосон явдал гэж тодорхойлж байна. Тэгвэл “Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцаа” гэж юу вэ? Энэ нь “Хамтын ажиллагаа голлосон идэвхтэй тогтвортой байдал, өрсөлдөөн нь хэмжээтэй сайн тогтвортой байдал, зөрөлдөөн нь хяналттай хэвийн тогтвортой байдал, энх тайвныг найдаж хүссэн бат бэх тогтвортой байдал” хэмээн тодорхойлжээ. “Хятад, Америкийн бүтээлч стратегийн тогтвортой харилцаа” гэдэг нь хоосон уриа биш, харин харилцан угталцсан үйл ажиллагаа мөн гэдгийг онцолсон байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2021 онд “Дэлхийн эдийн засгийн форум”-д хэлсэн үгэндээ “Өнөөгийн дэлхий ертөнц эсрэгцэл, сөргөлдөөний буруу зам руу орвол, хүйтэн дайн ч бай, халуун дайн ч бай, худалдааны дайн ч бай, технологийн дайн ч бай, эцсийн эцэст бүх улсын ашиг сонирхлыг хохироож, ард түмний сайн сайхныг үгүй хийх болно гэдгийг түүх болон бодит байдал бидэнд дахин харуулж байна” (“Ши Жиньпин Төр улсыг засах тухай IV боть, 463-р тал) хэмээн онцолсон байдаг. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын айлчлал өндөрлөхийн өмнө хоёр орны удирдагчид Жуннаньхайд уулзаж ярилцах үеэр Ши Жиньпин “Ерөнхийлөгч Трампын энэ удаагийн айлчлал түүхэн, тэмдэглэлт айлчлал болж байна. Айлчлал нь харилцан ойлголцолд тус дөхөм үзүүлэх, харилцан итгэлцлийг гүнзгийрүүлэх, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхэд тустай.
Хятад, Америк нь харилцан бие биеийг хүндэтгэх үндсэн дээр, энх тайвнаар зэрэгцэн орших, хамтран ажиллаж, хамтдаа хожих явдлыг хэрэгжүүлэх, зэрэгцэн орших зөв замаар замнах нь хоёр орны ард түмний хүсэл эрмэлзэл, дэлхийн улс түмний хүсэл мөрөөдөл мөн гэдгийг энэхүү айлчлал дахин илтгэн харууллаа” хэмээн онцолжээ.
Дональд Трамп хариуд нь энэ удаагийн Хятад улсад хийсэн айлчлалаа “Маш амжилттай”, “Дэлхий дахины анхаарлыг татсан”, “Мартагдашгүй айлчлал” гэсэн үгсээр тодорхойлсон байна. Хятад улсын дарга Ши Жиньпин 2021 оны 9 дүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы ерөнхий хэлэлцүүлэг дээр хэлсэн үгэндээ “Улс орнуудын хооронд санал зөрөлдөөн, зөрчил маргаан орших нь дамжиггүй боловч, эрх тэгш байдал, харилцан хүндэтгэлийн үндсэн дээр яриа хэлэлцээ, хамтын ажиллагаа өрнүүлэх ёстой. Нэг улсын амжилт нь заавал өөр нэг улсын ялагдал гэсэн үг огтхон ч биш бөгөөд энэ дэлхий ертөнц нь улс орнууд хамтдаа өөдлөн дэвжиж, ахиж дэвшихийг бүрэн багтааж тээж чадна” (“Ши Жиньпин Төр улсыг засах тухай IV боть, 470-р тал) хэмээн онцолсон байдаг. АНУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын агуулга хэлбэрийг шинжихүл, “Нэг нь хожиж нөгөө нь хохирдог тоглоомын дүрмийн сэтгэлгээ”-нээс салж, “Санаа нийлэн зохирох агаад сохроор эс дагалдах”, “Адил талаа эрэлхийлж, ялгаатай талаа хэвээр хадгалах” гэсэн Хятадын уламжлалт соёл, эе зохирлын үзэл санаа давамгайлж байлаа. Дональд Трампын айлчлалын соёлын хөтөлбөр нь энэ удаагийн айлчлалын нэг чухал онцлог байв.
Дональд Трамп 2017 онд Хятадад анх айлчлах үедээ Гугун буюу Хааны ордонд зочилж байжээ. Хааны ордон, Тэнгэрийн сүм болон Бээжин хотын умардаас өмнөд рүү үргэлжилсэн төв тэнхлэг нь Хятадын уламжлалт соёлыг илтгэн харуулдаг ажээ. Энэ удаагийн айлчлалын үеэр хоёр орны удирдагчид Тэнгэрийн сүмд зочлов.
Тэнгэрийн сүмд зочлох үеэр Ши Жиньпин “2017 онд та бид Бээжингийн төв тэнхлэгийн дагуу Хааны өвлийн ордоныг үзэж сонирхсон билээ. Өнөөдөр бидний зочилж байгаа Тэнгэрийн сүм болон Хааны өвлийн ордон нь нас чацуу бөгөөд “Тэнгэр дугариг, газар дөрвөлжин” гэсэн утга илэрхийлдэг. Энэ нь хятад хүний орчлон ертөнцийн үзэл, оршин амьдрахуйн гүн ухааныг илтгэдэг юм. Эрт цагт Тэнгэрийн сүмд тахилгын ёслол үйлдэж, төр улс төвшин, түмэн олон амгалан оршиж, нар хур тэгш, ургац арвин байхыг гуйж залбирдаг байжээ. Энэ нь “Түмэн олон болбоос төр улсын эх үндэс, эх үндэс нь бат бэх байваас, төр улс төвшин амгалан оршино” гэсэн Хятадын уламжлалт сэтгэлгээний илрэл юм” хэмээн тайлбарласан байна. Ши Жиньпин “Хятад, Америкийн харилцааны хөгжил нь хэзээ ямагт хоёр орны ард түмний сайн сайханд чиглэж, хоёр орны ард түмний хүчийг нэгтгэх ёстой” хэмээн онцолсон бол Дональд Трамп “Америк, Хятад хоёр улс бол аугаа их улсууд, хоёр орны ард түмэн аль алин нь цэцэн билигт аугаа их ард түмэн. Хоёр орон харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж, ард түмний найрамдлыг бэхжүүлэх ёстой” хэмээн онцолжээ.
М.Чимэдцэеэ (Доктор Ph.D, хятад судлаач, орчуулагч)